Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин болон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн гишүүн П.Ганзориг нар өнөөдөр (2025.08.21) Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн-ыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд Монгол-Сингапурын парламентын бүлгийн талаар танилцуулав. Тус бүлэг нь нийт 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.
Бүгд Найрамдах Сингапур Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон юм. Бүгд Найрамдах Сингапур Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин онцоллоо.
Талууд парламентын талаар мэдээлэл солилцож, парламентын болон гадаад бодлогын түвшинд цаашид хамтран ажиллах тал дээр санал нэгдэв. Хоёр улс нь том гүрнүүдийн дунд байдгаараа ижил төстэй бөгөөд ардчилсан нийгэм, хүн төвтэй байх бодлогыг баримталдаг хэмээн Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн тэмдэглэлээ.
Мөн Төрийн ахлах сайд Сим Анн Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.