Цэс

Холбоо барих

"Нээлттэй парламент" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлаас хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, олон нийтэд парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ажлын 7 дэд хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдөр /2025.08.22/ ажлын хэсэг хуралдаж, ажлын явцаа танилцууллаа.


“Нээлттэй парламент- Өсвөр” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрт нийт 456 сурагч хөдөө орон нутаг, нийслэлээс хамрагджээ. Энэ талаар хөтөлбөрийн ахлагч Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт танилцуулав.


Үүний дараа “Нээлттэй парламент- Оюутан” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь танилцуулсан бөгөөд тус хөтөлбөрт дотоодын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 3 ба түүнээс дээш түвшний 30 оюутан шалгарч, Улсын Их Хурлын Тамгын газар, гишүүдийн ажлын албанд ажилласан гэлээ.

 

Түүнчлэн “Нээлттэй парламент- Сургагч багш” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил, төлөвлөгөөний талаар тус хөтөлбөрийн ахлагч Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар танилцуулав.

 

Мөн цаашид “Нээлттэй парламент- Хууль зүйн техник” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ талаар хуулийн газрын дарга Ч.Дондогмаа хийх ажлын төлөвлөгөө болон гадны бусад орны туршлагын талаар дурдлаа.

 

Өнгөрсөн долдугаар сард хөтөлбөрийн хүрээнд “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгуулж, тус хөтөлбөрт 122 ахмад ажиллах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж, 14 гишүүн хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Р.Алтангэрэл танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.


Тус ажлын дэд хэсгүүдийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ү.Амарбат ахлан ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл