Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.01) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх дүн хангагдахгүй байх эрсдэл үүссэн. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар анх удаа иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр, төсвийн ерөнхийлөн захирагч бүр олон нийтийн хэлэлцүүлэг хийж, 239 мянга орчим хүнийг оролцуулсан. Давхардсан тоогоор 8.8 мянган санал ирүүлсэн нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог  өргөн хүрээнд хангаж чадсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн.                                          

Монгол Улсын Засгийн газар 2026 онд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, ахиулан сайжруулахад чиглэж ажиллана. Ингэхдээ иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, эрчим хүч, татварын буцан олголт зэрэг долоон чиглэлд түлхүү анхаарна гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл