Цэс

Холбоо барих

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Астанагийн санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамтаар Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төв (AIFC)-д зочилж, санхүүгийн хөрөнгө оруулалт, дэвшилтэт орчин болон төвийн дотоод бүтэц, зохион байгуулалттай танилцлаа. Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг дангаараа бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлдэг, томоохон тоглогчдын нэгд тооцогддог онцлогтой юм.



Уг төв нь олон улсын хөрөнгийн бирж, хувийн банк, Исламын санхүү, санхүүгийн технологи зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн үйлчилгээний экосистем бүрдүүлэхийг зорьж үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор тус улс өөрийн шүүхээс хараат бус, Олон Улсын Арбитрын шүүхийг байгуулжээ. “Common law” буюу АНУ, Их Британийн эрх зүйн тогтолцоо бүхий олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл татах эрх зүйн жишиг орчинг бий болгосон. Сүүлийн жилүүдэд тус улсын санхүүгийн орчин тогтворжиж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа. Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төвд бүртгэлтэй 4200 гаруй компани бизнесээ амжилттай явуулах таатай, идэвхтэй экосистем, нөхцөл, боломжийг бүрдүүлдэг ажээ.



Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг нь санхүүгийн тогтвортой, зохистой орчин гэдэгтэй санал нийлж байна гэв. Тэрбээр өөрийн улсдаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх татварын эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бизнесийн салбарын хэлхээ холбоог өргөжүүлэх чухал гэдгийг онцлов. Ийнхүү Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Астанагийн санхүүгийн үйлчилгээний “Astana Financial Services Authoritу” байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцож, финтект суурилсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн техник хамтын ажиллагаа явуулах, хөрөнгийн зах зээл, даатгал, финтек салбарын байгууллагуудын аюулгүй, найдвартай үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн хяналт шалгалт хийх зэрэг олон чиглэлд хамтран ажиллах юм. Санхүүгийн зохицуулах хороо Астанагийн олон улсын санхүүгийн байгууллага хооронд байгуулсан энэхүү санамж бичиг хоёр улсын худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн салбарын хэлхээ холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл