Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” 2025 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр Астана хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдаанд хоёр улсын төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд С.Жумаринга нар нээж үг хэлэв.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улс Казахстан Улстай тээвэр, логистик, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг онцоллоо. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг албажуулж, байнгын тогтвортой ажиллах механизм бүрдсэн гэдгийг дурдлаа.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн, манай хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаа амжилттай өргөжиж байгааг тодотгоод, агаарын тээвэр, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад Казахстаны зах зээлд үйл ажиллагаагаа тэлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээс онцоллоо. Цаашид хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрутыг эрэлхийлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжиж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Хамтын ажиллагааны хэд хэдэн онцлох чиглэлийг дурдахдаа хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлээс гадна ноос ноолуур, арьс шир боловсруулах туршлагад тулгуулан Монгол, Казахстаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэв.
Түүнчлэн Монгол-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, тээврийн шинэ маршрутуудыг эрэлхийлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн тогтоосон хэлхээ холбоо нь Монгол, Казахстаны найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Мөн арга хэмжээний үеэр талуудын өнөөгийн эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцож, “Цөлжилтийн эсрэг бизнесийн боломж”, “Монгол бизнесүүдэд харагдаж буй Төв Азийн зах зээлийн боломж” зэрэг сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Казахстан Улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпроп” компанийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Форумын төгсгөлд хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор тодорхой үр дүнтэй алхмуудыг хийж, “СЭЭКЛ” ХХК, “Пладис Казахстан” ХХК, “Мусуби” ХХК, “Meloman Home Video” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүний зэрэгцээ хоёр талын бизнес эрхлэгчид B2B (бизнес хоорондын) уулзалтууд зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны гарц, гаргалгааны талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.