Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар тус тус хэлэлцэн батлав.
“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолд заасны дагуу олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэх, Монгол Улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллага түүний төрөлжсөн байгууллагууд, дэлхийн улс орон, олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах, хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцааг тогтоосон.
Монгол Улс эдгээр улсуудтай дипломат харилцаа тогтоосноор улс хооронд харилцан ойлголцлыг дэмжиж, найрсаг харилцаа, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд харилцан дэмжлэг авах бөгөөд гадаад худалдаа, соёл, боловсролын хамтын ажиллагааны суурь тавигдах ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.