Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.
Харьяатын хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан.
Тэгвэл уг заалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулгыг нэмэлтээр оруулж, дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох эрх зүйн зохицуулалтыг тусгав.
Хууль батлагдсанаар олон улсын өндөр зэрэглэлийн тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцох нөхцөл бүрдэн, oлимпын үзэл санааг дэлгэрүүлэх, спортод өрсөлдөх чадвар, залуучуудын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал нөлөөтэй юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.