Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.09.09/ хуралдлаа.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Сарнай, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын төлөөлөл оролцлоо.
Хуралдааны эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” асуудлын талаар танилцуулав. Тодруулбал, “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолуудаар авсан 19 газрын хил заагийг тогтоохтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамтарсан багтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар болон “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Үүний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай “Байгалийн нөөц, дурсгалт газрын хил заагт өртөж буй нэгж талбарын судалгаа”-г танилцуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.