Цэс

Холбоо барих

“Парламентын залгамж холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.12/ Төрийн ордонд болж өндөрлөлөө.



Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Д.Пүрэвдорж байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурал, үе үеийн парламентын гишүүд, Тамгын газрын мэргэжилтэн, зөвлөхүүд болон ажилтан, албан хаагчдад байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн мэнд дэвшүүллээ.



Үдээс хойших хуралдааны эхэнд ИБУИНХУ-ын Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчир “Парламентат ёс, засаглалыг судлах олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулав.

Тэрбээр, “Монголын нөхцөлд парламентын тухай ойлголт нь 1992 оны Үндсэн хуулиар “Төрийн дээд байгууллага” гэсэн албаны статусаас сүүлийн жилүүдэд “Хариуцлага ба зөвлөлдөх талбар” руу шилжиж байна. Улсын Их Хурлын хэлэлцүүлэг нь зөвхөн хууль батлах бус, харин “ардчилал”, “төрийн хариуцлага”, “ард түмний эрх ашиг” гэх ойлголтыг дахин бүтээж, улмаар иргэдийн улс төрийн төсөөлөлд өөрчлөлт оруулдаг болсон” гэлээ. Мөн Их Британи улсад парламентын судалгаа нь процедур, журам, хорооны динамик дээр төвлөрч, институцийн тогтвортой хөгжлийн жишиг болж буй талаар дурдав. Харин Монгол, Киргизстан, Казахстан зэрэг улсад парламент судлал “шилжилтийн ардчилал” хүрээнээс хэтрээгүй удсан бөгөөд институцийн үйл ажиллагааны гүнзгий судалгаа цөөн, судалгааны чанар ихэвчлэн улс төрийн циклээс хамаарч, хэлбэлздэг талаар танилцууллаа.



Эрдэм шинжилгээний хурал панел хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд илтгэгчдээс оролцогчид асуулт асууж, үг хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл