Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2025.09.16) 13 цаг 52 минутад 58.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул хуралдаан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийн талаар хэлэлцүүлсэн юм.
Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа. Тэрбээр, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 болон 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоолыг нийцүүлэх нь зүйтэй гээд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт энэ хуулийн 46.4-д заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү гэснийг уламжлав.
Хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж, хүлээн авах нь зүйтэй гэхийн зэрэгцээ хориг тавихдаа байгаль орчны үнэлгээ, эдийн засгийн хохирлын талаар холбогдох судалгаа, тооцоолол хийсэн эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хариултдаа, одоогоор 230 тонны алтны нөөц байна. Аж ахуйн нэгжүүдэд төрийн дарамтыг багасгаж, олгосон лицензийн хүрээнд үйл ажиллагаа явуулан, алтны үндсэн оруудуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, үр дүнтэй талаар холбогдол судалгаа тооцоолол бий. Харин голын ай сав, төрийн улсын тусгай хамгаалалт, улмаар төрийн тахилгатай газар дайруулж газар нутагт лиценз олгох шаардлагагүй гэдгийг тодотгов.
Ингээд “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэсэн тогтоолын хүчин төгөлдөр болох хугацаатай холбоотой тавьсан хоригийг санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл, нараас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн талаар танилцуулав.
Хуурамч шатахууны тухай ойлголт нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосон үеэс эхтэй. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг манай зарим компаниуд хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байна. Албаныхан төдийгүй хууль хяналтынхан үүнийг мэдэж байгаа боловч тодорхой шийдвэртэй алхам хийхгүй байна. Тухайлбал, керосиныг гэрэлтүүлэгт ашигладаг, XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж байна. Гэтэл олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна. Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай. Ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Баясгалан, Г.Ганбаатар, Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Г.Ганхуяг, Р.Батболд, Б.Заяабал, Д.Батбаяр, Ж.Батжаргал, П.Ганзориг, Н.Учрал, Ж.Батсуурь, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг явуулах нь адармаатай байгааг дурдаад хуурамч шатахууныг хориглож, үйлдвэрлэлийг нь хязгаарлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн өмнө нь энэ хууль батлагдаад Үндсэн хуулийн цэц холбогдох шийдвэрээ гаргаад Улсын Их Хурал нь хүлээн авч, хүчингүй болгосон нөхцөлд дахин шинээр өргөн мэдүүлээд хэлэлцүүлэх гэж байгаа тул энэ нь хууль зөрчих эсэх талаар Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн зөвлөмж гаргуулах нь зүйтэй гэсэн санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг төслийг дэмжиж байгаа ч Засгийн газар татгалзсан санал өгсөн. Учир нь газрын тосны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татвар ногдуулбал, дотоодын бүтээгдэхүүний өртөг өсөх магадлалтай гэсэн гишүүдийн хэлсэн саналыг хэлэлцүүлгийн явцад эргэх харах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хуурамч шатахуун үйлдвэрлэж иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.
Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь дэмжлээ. Хуралдаан Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх салбарын яамдын мэдээллээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.