Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан /2025.09.16/ “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллээр үргэлжилсэн.
Б.Жавхлан сайд мэдээлэлдээ, Төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2025 оны төсвийн тодотголоор Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасны дагуу багш, эмчээс бусад төрийн албан хаагчийн орон тоог есөн хувиар бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд орон тооны хязгаарыг 2025 оны түвшинд хадгалах бодлогыг баримталж байна. Мөн 2025 оны төсвийн тодотголоор яам, агентлагийн 135 удирдах албан тушаалтны орон тоог бууруулсан ба 2026 оны төсвийн төсөлд эдгээр орон тоотой холбоотой зардлыг хэмнэхээр тооцсон. Энэхүү бодлогын арга хэмжээ нь төсвийн зардлыг хэмнэх, чиг үүргийн давхардлыг арилгах, байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдав.
Засгийн газрын тусгай сангуудын үр нөлөө, зориулалт, зохицуулалттай холбоотой арга хэмжээний хүрээнд, нийт 27 тусгай сангийн одоогийн нөхцөл байдалд судалгаа хийж, улсын төсвөөс бүрэн санхүүждэг, эргэлтийн бус шинж чанартай 6 тусгай санд 2026 онд төсөв тусгалгүй төсвийн төслийг өргөн мэдүүлээд байна гэлээ.
Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбэ, зохицуулалтын хүрээнд, төслүүдийг УИХ-аас баталсан 2025 оны гадаад зээлийн ашиглалт болох 1.5 их наяд төгрөгт багтаан санхүүжүүлэх зорилгоор 29 төслийн 97 ажлыг хэсэгчлэн болон бүрэн хойшлуулах арга хэмжээг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан МЕГА төслүүд, гэр хорооллын дэд бүтэц, авто зам барих бүтээн байгуулалтын төслүүдийн ашиглалтыг 173.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зохицуулалтыг хийсэн.
Төрийн хэмнэлт, бүтээмжийг сайжруулах, гадаад зээл, тусламжийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газар 2025 оны 24 дүгээр тогтоолоор төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэх шийдвэр гаргасан. Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалтад шилжсэнээр удирдлагын болон урсгал зардал 40 гаруй хувиар буурахаар байна. Гадаад зээл, тусламжийн төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулах зорилгоор төсөл, арга хэмжээний явцыг үнэлэх, эрэмбэлэх аргачлалыг боловсруулсан бөгөөд уг шалгуур үзүүлэлтээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зохицуулалтыг холбогдох журамд тусгахаар ажиллаж байна. Түүнчлэн, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд гадаад зээл, тусламжийн болон бусад эх үүсвэрийг нэгтгэх, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх дэд системийг бүх салбарт үе шаттайгаар нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан үүсгэж, уялдаа холбоотой, үр ашигтай хөрөнгө оруулалтын нэгдсэн платформ хөгжүүлэх ажлууд хийж буйг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Мөн шинээр авах гадаад зээлийн чиглэл, гадаад зээлийг эдийн засгийн өсөлтөд түлхүү чиглүүлэх бодлогын хүрээнд, Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаас хойш "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл” -ийн нэмэлт санхүүжилт болон “Эрчим хүч-3” төслүүдийн зээлийн хэлэлцээрүүдийг байгуулаад байгааг Сангийн сайд тодотгоод цаашид "Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл", АХБ-ны "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-т багтсан боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын төслүүд болон "Эрчим хүч-4" буюу Мандалговь Арвайхээр чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барих төсөл зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдсан, томоохон дэд бүтцийн төслүүдийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна гэж байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов
Хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны холбогдох мэдээллийг сонсов.
Сангийн сайд Б.Жавхлан тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Ашигт малтмалын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг сайжруулах арга хэмжээний хүрээнд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөгөө, гүйцэтгэл зэрэг мэдээллийг багтаасан улсын нэгдсэн бүртгэлийн цахим сан бүрдүүлж, Татварын ерөнхий газар болон Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлэл солилцох гэрээг байгуулсан гэж байлаа.
Мөн НӨАТ суутган төлөгчөөр бүртгэх босгыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хууль өргөн мэдүүлэх арга хэмжээний хүрээнд, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан татварын шинэчлэлийг татвар төлөгч, эрдэмтэн судлаач, худалдааны танхим, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулан улс орон даяар өргөн хүрээтэй хэлэлцүүлж, санал аван, татвар төлөгчдөөс ирүүлсэн саналуудыг нарийвчлан судлан үзсэний үр дүнд татварын шинэчлэлийн үзэл баримтлал, хуулийн төслүүдийг урьдчилсан байдлаар боловсруулаад байгааг дурдсан.
Мэдээлэлд, улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийх, аудитын дүгнэлт гаргуулах арга хэмжээний хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 315 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх саналыг ирүүлсэн. Эдгээр төслүүдийн хувьд тарифт цалин, материалын үнийн өсөлт, анх төлөвлөсөн зураг төсвийн алдаатай байдал, захиалагч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгдэж байгааг онцолж байлаа.
Төрийн банк болон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн ногоон хөгжлийг дэмжих чиглэлд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд, Төрийн банк нь ногоон санхүүгийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд малчны ногоон зээл, ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл, бизнесийн ногоон зээл, Ногоон орон сууцны зээл, ногоон даатгал зэрэг нийт 8 бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлээд байна. Үүний үр дүнд Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багц 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 250 гаруй тэрбум төгрөгт хүрч өмнө жилтэй харьцуулахад 47 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнээс ногоон зээлийн багц 96 тэрбум төгрөгт хүрч 98 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнтэй холбогдуулан, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн идэвхжилийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сард дотоодын зах зээлд 10.0 тэрбум төгрөгийн ногоон бондыг хаалттай хүрээнд гаргасан бол, ойрын хугацаанд 50.0 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна гэв.
Дотоодын ногоон бондын зах зээлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үнэт цаасны бүртгэлийн журам, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХК-ийн Үнэт цаасны хадгаламжийн журамд тус тус өөрчлөлт оруулах замаар ногоон бондын бүртгэлийн болон хадгаламжийн хураамжийг 50 хүртэл хувиар бууруулахаар ажиллаж байна. Засгийн газрын хүүгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, байгаль орчинд ээлтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилтод нийцүүлэн “Цагаан алт”, “Атар-4” аян үндэсний хөтөлбөрүүдийн санхүүжилтийн гэрээнд ногоон зээлийн зохицуулалтыг тусгасан. Улмаар тус 2 хөтөлбөрүүдийн хүрээнд банкны ногоон зээлийн шаардлагыг хангасан зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээг 1-2 хувиар бууруулсан. Мөн цаашид “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд ногоон зээлийн эх үүсвэрээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 8 сарын хугацаанд 42 зээлдэгчид 248.0 тэрбум төгрөг, “Атар-4” хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд 29 зээлдэгчид 45.9 тэрбум төгрөгийн ногоон зээл олгоод байгааг Сангийн сайд мэдээлэлдээ тодотгосон.
Бусдаар гүйцэтгүүлэх зардлын ангиллыг нарийвчлан шинэчлэх арга хэмжээний хүрээнд, Засгийн газрын санхүүгийн статистик гаргах аргачлал, загварт нийцүүлэх зорилгын хүрээнд Санхүүгийн мэдээллийн төвтэй хамтран дата өгөгдөлд анализ, судалгааг хийснийг дурдаад судалгааны үр дүнд үндэслэн 7 шинэ эдийн засгийн ангилал үүсгэж, “бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж” зардлаас холбогдох зардлыг шилжүүлсэн. Ингэхдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг “судалгаа, хөгжүүлэлт”, байр ашиглалтын үйлчилгээ болон харуул хамгаалалтын зардлыг “хөрөнгийн ашиглалтын менежмент”, улс орноо гадаадад сурталчлах зардлыг “мэдээлэл, сурталчилгааны зардал”, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлыг “хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээ”, хот тохижилттой холбоотой зардлыг “тохижилт, үйлчилгээ” эдийн засгийн ангилалд тус тус шилжүүлсэн хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.
Төсвийн тэнцэлд сөргөөр нөлөөлж буй хууль тогтоомжийг судалж, танилцуулах арга хэмжээний хүрээнд,төсвийн зардлыг шууд нэмэгдүүлж, төсвийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг нэгтгэн судалж, УИХ-ын холбогдох ажлын хэсэг болон түүний дэд ажлын хэсэгт 2025 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүд, 4 дүгээр сарын 28-ны өдөр, мөн Төрийн хэмнэлт, бүтээмжийн үндэсний зөвлөлд танилцуулсан байна. Төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас, урамшууллын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгааны хүрээнд, тоон мэдээллийн баазыг бүрдүүлж, олон улсад түгээмэл ашиглагддаг загвар аргачлалд үндэслэн татаас, урамшууллын зардлын үржүүлэгчийн нөлөөг үнэлсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шаардлагатай зарим тоон мэдээллийг цуглуулж ХАА-н салбарын голлох татаас урамшууллын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолоод байна гэв.
Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл, хороо, комисс, төвүүдийг татан буулгаж, чиг үүргийг холбогдох яамдад шилжүүлэх арга хэмжээний хүрээнд, “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан 46 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлд дүн шинжилгээ хийж, зарим үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийг татан буулгахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан. Тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авч нэгтгэн эрхлэх асуудлын дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн. Улмаар Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 22 дугаар тогтоолоор нийт 29 үндэсний хороо, зөвлөл, комиссыг татан буулгахаар шийдвэрлэсэн гэж байлаа.
Дараа нь Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг танилцуулсан. Мэдээллийн эхэнд тогтоолын хүрээнд үр дүн гарсан ажлуудын талаар товч мэдээлэв. Тухайлбал, Ашигт малтмал болон татварын мэдээллийн сангийн уялдаа холбоо бүрэн хангагдаж, холбогдох мэдээллийг цахим хэлбэрээр харилцан солилцох боломжтой болсон нь төрийн байгуулагуудын ил тод байдлыг сайжруулахад чухал алхам болсон. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг эхлүүлж, “Эрчист Монгол” ХХК болон эрчим хүчний салбарын зарим компанийг нэгтгэсэн нь төрийн өмчит комданиудын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон. Мөн шилэн дансны хууль хэрэгжих хүрээг өргөтгөж, ил тод байдлыг хангах цахим системийг бүрдүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн нь шинэчлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийг тавихад чухал алхам болно гэж үзэж байна гэсэн байлаа.
Төрийн банк болон хөрөнгийн биржийн түвшинд ногоон санхүүжилт, ESG-ийн олон улсын стандартыг нэвтрүүлж эхэлсэн нь тогтвортой хөгжилд чиглэсэн алхам болсон. Төсвийн зарцуулалтын ангиллыг шинэчилж, үр ашиг, шаардлагад суурилсан төсөв боловсруулах тогтолцоог бий болгосон нь тогтоолын хэрэгжилтийн чухал үр дүн юм. Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа. Ингэснээр жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гарсан болно. Татан буулгасан хороо, зөвлөлийн чиг үүргийг төрийн холбогдох байгууллагууд хуульд заасны дагуу хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг мэдээлэлд дурдсан байлаа.
Үргэлжлүүлэн тогтоолын хүрээнд үр дүн хүлээгдэж байгаа заалтуудын талаар танилцуулсан. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын босго хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулсан боловч 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн тул хэрэгжүүлэх хугацаа болоогүй байна. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын түвшинд боловсруулсан бөгөөд хараахан УИХ-д танилцуулаагүй байгаа нь бас нэгэн хүлээгдэж буй ажил юм. Мөн төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээ болон олон улсын байгууллагуудын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа ч эцсийн дүн гараагүй байна. Харин төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн зарим барилга байгууламжийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой аудитын дүгнэлтийг хугацаанд нь УИХ-д танилцуулаагүй нь хэрэгжээгүй гэж дүгнэгдэх гол шалтгаан болж байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.
Тогтоолоор өгөгдсөн 19 заалтын хэрэгжилтийн явц дунджаар 87.5 хувьтай байна гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.