Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа /2025.09.16/ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен хэлэлцэх асуудал танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын есөн гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн талаар танилцуулгад дурджээ.

Мөн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөлжилт, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцааг тодорхой болгохын зэрэгцээ эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлтийг төрийн дэмжлэг олгох нөхцөлтэй уялдуулах, үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, тус салбарын бодлого, зохицуулалттай гадаад болон, олон улсын байгууллагын санхүүжилттэй төслийн зорилго, үйл ажиллагаа уялдуулах, нэгдмэл байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож, бүртгэл, хяналтын нэгдсэн цахим систем бий болгох харилцааг хуульчлан тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн чиглэл, шалгуур тодорхой болж, улмаар хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллага, холбоодын хамтын ажиллагаа бэхжих үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх анхдагч хуулийн эл төслийг цагаа олсон хэмээн дэмжиж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Үндсэн хууль гэдэг шиг хөдөө аж ахуйн салбарт ийм малгай, суурь хууль байхгүй байсан тул анхдагч хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх нь тун чухал гэдгийг тэмдэглээд мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тогтвортой хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг хөндөхөөс  аргагүй цаг үед тулаад байна гээд салбарын бодлогын тогтворгүй байдлаас ямар хор хохирол учирч байгаа талаар, ирээдүйд үүсэх эрсдэлийг бид тооцож байх ёстой. Төсөлд тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилготой улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байхаар зохицуулсан нь том давуу талыг бий болгож байна гэж байлаа.

Ингээд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл