Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы  өнөөдрийн хуралдаанаараа /2025.09.16/  Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын есөн гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай төслийн талаар танилцуулав. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна.


Мөн уг хуулиар хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн төсөлд мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Хүнсний тухай хууль батлагдсанаас хойш хэрэгжилт 32.5 хувьтай байгаа гэсэн бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал хуулийн хэрэгжилт хэдэн хувьд хүрэх талаар, Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байх нөхцөл шалтгааныг хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд зохистой дадлын стандартыг нэвтрүүлээгүй хэмээн дүгнэсэн нь зөв эсэх, хуулийн нэрийг хүнсний баталгаат байдлыг хангах тухай хэмээн өөрчлөлт оруулснаараа ямар бодитой үр дүнд хүрэхийг тодруулж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Улаанбаатар хотод нийлүүлж байгаа малын мах малчны гар дээрээс дундын зуучлагчийн гараар дамжин зах, худалдааны төвүүдээр борлуулагдаж, хүнс үйлдвэрлэл рүү нийлүүлэгдэж, улмаар хүн ам хүнсэндээ шууд хэрэглэж байна. Хуулийн зохицуулалтаар чанарын удирдлагын тогтолцоотой болох нь гэж ойлгох нь зөв эсэх, нөгөө талаар чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байна гээд зөвшөөрлийн тоо, хэмжээ нэмэгдээд жирийн иргэн хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй болох талтайг хууль санаачлагчид  хэрхэн харж буйг лавлаж байлаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, хуулийн төсөлд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг нь Боловсролын яам, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ханган нийлүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эсвэл аймаг, нийслэлийн удирдлагууд хариуцахаар төсөлд тусгасан байна. Хоол хүнс, түүхий эдийн чанар бүгдийг нь салбарын яам хариуцах боломжтой талаар ажлын хэсгийн байр суурийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэлийн төсвийг төрөөс хариуцаж байгаа. Цаашдаа дунд, ахлах ангийн хүүхдүүдэд халуун хоол өгөх асуудлыг хэрэгжүүлэх төсвийг шийдлээ гэхэд, хүний нөөц, хоол үйлдвэрлэлээ хариуцан хянах мэргэжилтнүүд бий эсэхийг тодруулж байлаа.  



Хуралдаан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэхийн санал хураалтаар үргэлжилсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг  хэлэлцэхийг дэмжсэн.

Байнгын хорооны хуралдаан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл