Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.17/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав.
Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. …”, мөн зүйлийн 14 дэх заалтад “… шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… энэ зүйлийн … 1.5, …-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт цагдан хорих үндэслэлийг хуульд илүү тодорхой заагаач гэдэг агуулгаар гарсан байна гэж тодотгоод, УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Байнгын хороо ажлын хэсэг байгуулж, шүүгч, прокурор, мөрдөх албад, мөн шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллийг оруулан ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Бид цагдан хорих үндэслэл, шалгуураа илүү тодорхой болгох тусам мөрдөх байгууллагуудад тавигдаж байгаа стандарт шаардлагууд сайжирч байна гээд, ингэхдээ судалгаа, шинжилгээ, бусад үндэслэлийг ажлын хэсэг ултай судалж байж хуулийн төсөл санаачилж батлах нь зүйтэй хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, шүүгдэгчийг цагдан хорих хугацааг сунгах асуудал автоматаар юм шиг шийдэгдэж ирсэн. Хэрэг хэлэлцэх үед шүүх хуралдаан хойшилвол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэдэг талаар тодруулан тайлбарласан. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн аваад ажлын хэсэг байгуулан ажиллах ёстой гэлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Цогтбаатар нар дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 болон 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэлээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоолыг нийцүүлэх нь зүйтэй хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт энэ хуулийн 46.4-д заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн.
Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.