Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.17) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр нар Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 15-ны нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага аваад байсан юм. Энэхүү завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуралдаж, Тэргүүн шадар сайд, Сангийн сайд нараас мэдээлэл авсан болон бүлгийн ажлын хэсэг ч мөн хуралдаж улсын төсвийн төслийн талаар ярилцсан тухай мэдээлж, ирэх таван жилийн төлөвлөлтийг төсвийн төсөлтэй хамтатган батлах шаардлагатайг онцолсон юм. Мөн төсвийн урсгал зардлыг бууруулах замаар төсвийн алдагдлыг эрс бууруулах боломж байгааг бүлгийн хуралдаанаас дүгнэсэн талаар танилцуулж, төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын харьцаа 75:25 байгааг 70:30 болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах зэрэг олон санал гарсныг дурдав. Тэрбээр, төсвийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд, явцын дунд АН-ын бүлгээс зарчмын байр сууриудаа үе шат бүхэнд тодорхой илэрхийлээд явна гэдгийг илэрхийлэв.
Улсын Их Хурлын чуулганы өмнөх нэгдсэн хуралдаанд хийсэн танилцуулга, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэд, сонгогчдоос төсвийн төсөлд өгч буй санал хэрхэн тусгасныг асууж, тэтгэвэр, тэмтгэмжийн хэмжээг инфлецийн өсөлттэй уялдуулах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр, АН-аас томилогдон ажилласан сайд нар, тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан руу дайралт хийж, түүний хэрэгжүүлсэн ажлыг үгүйсгэж, мушгиж байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара олон нийтийг цочирдуулсан ноцтой гэмт хэргүүдийг тухай асуудлыг хөндөж, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноодог байх асуудлаар хуульч гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас хүсэв. Хууль хяналтын байгууллага, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл маш дундуур байгааг Улсын Их Хурлын дарга анхааруулж, үүнд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын хуульч гишүүдэд зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Жангабыл нар Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, “Боловсролыг дэмжих жил”-ийн зардал санхүүжилтийн асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ Баян-Өлгий аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутгийн хөгжлийн сангийн зардал, санхүүжилтыг хассан үндэслэл, тооцооллын талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд 2026-2028 онд эдийн засгийн өсөлт 6.0-6.5 хувиар тогтвортой өснө гэж тооцсон нь хэт өөдрөг байгааг анхааруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагааг хэрхэн тооцоолсон талаар асуув. Мөн зардлын хуваарилалтыг салбаруудад хэр үр дүнтэй хуваарилсан, өрийн удирдлагыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын эрсдлийг бүрэн тооцсон эсэх, хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээг эрэмбэлэхдээ ямар шалгуур, зарчим баримталсан болон нийгмийн халамжийн тогтолцоонд бүтцийн шинэчлэлт хийхгүйгээр зардлыг бууруулах нь ямар хүндрэл дагуулж болохыг асууж, хариулт авсан юм. Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал түүнд өгсөн хариултдаа, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг харьцангуй дэмжиж байгаа бол бол уул уурхайн салбарын өсөлт удааширч, дагаад тээвэр, худалдааны салбарууд агшиж буйг танилцуулж, жонш, зэсийн баяжмалаас бусад бүтээгдэхүүний олборлолт буурч буй ч эрэлт нь тогтвортой байгааг ярив. 2026 оны эдийн засгийн өсөлтийг салбар бүрээр нарийвчлан тооцож 5.7 хувь байхаар бодсон байна. Мөн “Оюутолгой” ХК-ийн зэсийн баяжмал үйлдвэрлэл өсөх, баяжмал дахь алт, зэсийн агуулга нэмэгдэх хүлээлт байгааг Тэргүүн шадар сайд мэдээлэв. Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 35.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувьтай тэнцэж байгааг тэрбээр мэдээлж, өрийн дээд хязгаарыг 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027-2028 онд 40.0 хувь байхаар тооцож буйг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв дагуулж төсвийн хүрээгээ өөрчилдөг байдлыг зогсохгүй бол 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үед тусгай шаардлагауудаа хангаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байгааг анхаарууллаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, П.Сайнзориг нар мөн хөндөж, төсвийг алдагдалгүй батлах, Төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа энэ онд нүүрсний олборлолт 2024 оныхоос 11.0 хувиар буурчихаад байхад 2026 онд 90.0 сая тонноор нэмэгдүүлэн төлөвлөсөн нь бодит хэмжээ мөн эсэхийг тодруулаад, макро эдийн засгийн тооцоололд үндсэн хөрөнгийн өсөлтөд малын зүй бус хорогдол буурсан гэх үндэслэл тавьсан атлаа махны үнэ өссөн нь малын хорогдол нэмэгдсэнээс болсон гэх эсрэг тэсрэг, хоорондоо зөрчилдсөн тооцоолол хийж буй нь учир дутагдалтай байна гэсэн юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллахад цаашид анхаарахаа Тэргүүн шадар сайд илэрхийлээд, одоогийн байдлаар 56.0 сая тонн байгаа нүүрсний олборлолт, борлуулалтыг оны эцэс гэхэд 85.0 сая тоннд хүргэх зориттой ажиллаж байгаагаа танилцуулав. Үүний тулд экспортыг дэмжих, хилийн боомтуудын үйл ажиллагаа, журам дүрмийг сайжруулах, мөн биржийн арилжаа, тээвэрлэлтйиг сайжруулах ажлуудыг хийнэ гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг боловсруулахдаа санал авч байгаа боловч тусгахгүй байгааг шүүмжилж, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулан 10.0 хувиар нэмэх шаардлагатай гэсэн юм. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан дахин хөндөж, ирэх онд инфляцын түвшин 6.0 хувь байхаар тооцож буй ч өнөөдрийн байдлаар бодит зах зээл дээр өргөн хэрэглээний бөарааны үнэ 7.4-18.2 хувийн өсөлттэй байгааг анхааруулж, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан орон сууцны 30.0 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг дэмжих талаар саналаа хэлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төсвийн төсөл дунд хугацааны төлөвлөгөөндөө уягдаагүй, жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө үгүйсгэсэн байгааг сануулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж буй энэ үед төсвийн ерөнхийлөн захирагчдын заримын төсөв нэмэгдэж төсөвлөгдсөн болон Эдийн засгийн хөгжлийн төв, Хархорин хотын захиргааны алба, Эрчим хүчний реформ, Шинэ хоршоо хөгжлийн нэгж зэрэг шинэ бүтцүүдэд төсөв хуваарилсныг шүүмжилсэн юм. Тэрбээр төсвийг алдагдалгүй батлах боломж, улсын өрийн хэмжээ, инфляцийн түвшин болон БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулсан зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл улсын төсвийг боловсруулахдаа хөгжлийн бодлогоо баримталж, Засгийн газрын хөтөлбөрийн тухайн жилийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой атал улс төржиж байгааг шүүмжлээд, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснийг эргэн харах нь зүйтэй гэлээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсвийн орлого буурч, зардал өссөн байгаад дүн шинжилгээ хийж, татварын бааз суурь, боломжоо оновчтой, бодитой тооцох шаардлагатайг тэрбээр онцолж, нүүрсний экспортын хэмжээг багаар тооцоод илүү гарсан тохиолдолд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлж, оновчтой болгоход зарцуулах горимын санал дэвшүүллээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тэтгэврийг нэмэх, багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх санхүүжилтийг олгодог ганц салбар болох уул уурхайн салбараа хөгжүүлэх, геологийн судалгаа, эрэл хайгуулд хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж, ялангуяа газрын гүний дулааны судалгаанд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар төсвийн төслийг боловсруулахдаа нийгмийн нөлөөллийг хэрхэн тооцсон буюу төсвийг хэрэгжүүлсний үр дүнд ажил эрхлэлт хэрхэн нэмэгдэж, ажилгүйдэл яаж буурахыг асуув. Мөн “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөсөн 198 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний дараа анги дүүргэлт нь хэтэрчихээд байгаа сургуулиудын асуудлууд шийдэгдэх эсэх, багш нарын цалин, урамшууллаа нэмэгдүүлэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэх, тэдний цалин хөлсний бодлого, аргачлал, бүтцийг хэрхэн шинэчлэх, зөрүү, ялгааг яаж арилгах талаар асууж, хариулт авсан юм. Энэ оны нцнс гэхэд нийт ажиллагсадын тоо 2.4 орчим хувиар нэмэгдэж, 1.4 сая болохоор байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оныхоос 0.5 хувиар өснө гэлээ. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгааг сайд Т.Аубакир онцолсон бол Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан 198 ажлын зэрэгцээгээр Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр 41 сургууль, цэцэрлэг нэмж барихаар ажиллаж байгаагаа танилцуулаад, багш нарын цалин, нэмэгдлийн хэмжээ орон зай, цаг хугацаанаас шалтгаалан ихээхэн зөрүүтэй байгааг дурдсан юм. 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн гүйцэтгэлд суурилсан цалингийн системд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтэд 70.0 орчим тэрбум төгрөгийн сургууль, багш нарт хуваарилж байгааг тэрбээр мэдээлж, 40.0 хүртэл хувийн цалингийн ялгаанаас шалтгаалан гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын 50.0 хувийг үндсэн цалинд нь шингээж өгье гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ хэлж, 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тус салбарын төсвийг ДНБ-ий 5.0 хувьд хүргэх боломжтой эсэхийг асууж, хариулт авлаа. Тэрбээр багш нарын цалинг нэмэгдүүлэх нь Монголын ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гүйцэтгэлийн үнэлгээг багш нарын дийлэнх олонх нь эсэргүүцэж байгаа гээд, боловсролын салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх Инчоны тунхаглалыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар дунд шатны төрийн байгууллагуудын ажлын хариуцлагыг сайжруулах, төрийн албаны хууль бус томилгоог цэгцлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвлөж, 2024 оны Засгийн газрын санхүүгийн аудитаар төсвийн ерөнхийлөн захирагч нар 15.0 их наяд төгрөгийн алдаа дутагдал гаргасан нь илэрснийг сануулж, үүнд ямар хариуцлага тооцсоныг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга С.Бямбацогтоос асуув. Мөн тэрбээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцууд, сургууль, цэцэрлэг, автозамын зарим төслүүд, тэдгээрийн зардал санхүүжилтийн талаар асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн алдагдлыг хэрэглээнд бус үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулж байгаа эсэх, төрийн өмчит компаниудын 22.8 их наядын гадаад, дотоод өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асууж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралаас хариулт авсан юм. Сайд хариулахдаа, эдийн засгийг тогтворжуулахад ашигладаг төсвийн тэнцэл гэх үзүүлэлтийг зөв үедээ ашиглаж чадаагүйгээс өнөөдрийн алдагдал гарч байна гээд, их орлоготой байх үедээ тэр хэрээрээ зарлага гаргаад байлгүй, эдийн засгаа хумьж, хуримтлал үүсгэх учиртай байсан гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн төсөлд тусгагдсан 1.3 их наяд төгрөгийн алдагдлаар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 10 аймгийн дулааны станц гээд олон ажлуудыг хийнэ гэж тэрбээр хариулж, өнгөрсөн хугацаанд авсан 12-13 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрээ ашиглаж чадахгүй байгаад байж болохгүй гэж үзэж байгаагаа тайлбарласан юм.
Төсвийн гүйцэтгэлийг үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт хангалтгүй байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир уншиж, сүүлийн 10 жил эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиглэлээр юу ч хийгээгүй, бизнесийн орон зайг тэлэх, татвар төлөгчдийн тоог нэмэх, бизнес эрхэлж байгаа хүмүүс чөлөөтэйгөөр аж ахуйгаа эрхлэх боломжийг бий болгоогүйг шүүмжилсэн юм. Тэрбээр төрийн өмчийн компаниудын эдийн засаг дахь оролцоо улам нэмэгдсээр байгааг жишээлж, Ковид19 цар тахлын хаалттай үед буюу 2019 онд алтны олборлолт 21 тонн, 2023 онд 23 тонн хүрч байсан бол энэ онд одоогийн байдлаар найман тонн хүрэхгүй байгаа нь хувийн хэвшлийн компаниуд олборлосон алтаа улсад тушаахгүй, хууль бусаар хилээр гаргаж байгаа харуулж байгаа бөгөөд энэ нь бизнес дэх төрийн оролцоо, дарамт, татвар шимтгэл их байгаагийн илрэл гэдгийг ярилаа. Тэргүүн шадар сайд болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сад нар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар мэдээллээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн төлөвлөлт, цаглавар, бодлого болон эдийн засгийн мөчлөгийг хэрхэн уялдуулж, ямар үр дүн гаргахаар тооцож буйг болон төсвийн төлөвлөлтийг хийхдээ иргэд, олон нийтээс санал авах нь зөв боловч тодорхой хөгжил, чиг хандлагад чиглүүлэхийн тулд том зургаар харж шийдвэрлэх нь илүү оновчтойг тэмдэглэв. Мөн мөчлөгтэй болон мөчлөггүй үеийн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах нь зүйтэйг дурдаж, тэнцвэржүүлсэн үнийг зөрүүг ямар эх үүсвэрээр нөхөхөөр тооцсон талаар асууж хариулт авсан юм. Мөчлөг сөрсөн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, шалгуур үзүүлэлтүүд, тусгай шаардлагуудыг хангах нь чухал гэсэн түүний байр суурьтай санал нэг байгаагаа Тэргүүн шадар сайд Н.Учрал илэрхийлж, төсвийн хүрээний мэдэгдэлд батлагдсан тоонуудыг экспортын орлогод тулгуурлан тооцсон боловч уг орлого буурч 80 ам.доллароор тооцохоор бүхий л тоо хэмжээ дагаад буурч байгааг учирлан, ирэх жилээс төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдөөд явна гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд баримтлаагүйгээс эдийн засаг тэлж байх үед хумьж, хуримтлуулж чадаагүйгээс мөчлөг сөрсөн бодлого зөвхөн эдийн засаг агшсан үед хэрэгждэг, тэлсэн үед хэрэгждэггүй байдаг бий болсон тайлбарыг тэрбээр хийж, хуульд энэ үзүүлэлтүүдийгээ нэмж, зарлагуудаа салбар салбараар нь гаргаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэнцвэржүүлсэн үнийг дараалсан жилүүдийн дундаж үнээр гаргаж байгааг Тэргүүн шадар сайд мөн тайлбарлаж, төлөвлөж буй нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс Тогтворжуулалтын санд хуримтлал үүсэхгүй нөхцөл бий болоод байгааг дурдлаа. Харин зэсийн тэнцвэржүүлсэн үнээр тооцсон үр ашгаас Тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх бололцоо бийг тэрбээр дурдав. Эдийн засгийн идэвхжил суларч, аж үйлдвэрийн орц материалын импорт бууран, нийт эрэлтийнх нь 60.0 хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ дагаад хумигдсан энэ мөчлөгийг сөрж, өсөлтийг дэмжсэн төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай Тэргүүн шадар сайд мэдээлж, үүнд газрын тос боловсруулах үйлдвэр, Эрлдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргийг нэрлэв.
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдааныг даргалан явуулсан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа долдугаар сарын батлуулсан Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хоёр сарын дараа дахин хэлэлцэж буй нь эдийн засгийнхаа төлөвлөлтийг илүү сайн хийдэг болох шаардлагатиайг харуулж байна гээд, төсвийн хүрээгээ хавар баталж, намар нь төсвөө баталдаг байх зарчмыг ягштал баримтлах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл Төсвийн хүрээний мэдэгдлийн төслөөс харахад төлбөрийн тэнцэл энэ оны эхний зургаан сард 462 сая ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 304 сая ам.доллароор багассан байгааг танилцуулж, ард иргэдийн амьдрал хүндрэхээр байгааг анхааруулав. Тэрбээр төлбөрийн тэнцлийг эерэг болгох ямар арга хэмжээ төлөвлөж байгааг болон Лондон хотноо болж буй олон улсын арбитрын шүүх хурлаар Монголын талд ашиггүй шийдвэр гарвал улсын төсөвт яаж нөлөөлөх талаар тооцоолол байгаа эсэх, Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болох асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар асуулаа. 2025 оны долдугаар сарын мэдээгээр төлбөрийн тэнцэл 284 сая ам.долларын алдагдалтай байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал танилцуулж, үүнийг бууруулах чиг үрэгтэй Сангийн сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа гэлээ. Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргаж, уул уурхайн биржийг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихэд анхаарал төвлөрүүлж буйгаа тэрбээр хэлэв. Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгойн зөвхөн дотоодын хэрэгцээний мөнгө Монголын банкуудаар дамжиж байгаа хэвээрээ гэдгийг мэдээлж, арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал манай улс өмнө аваад хэрэглэчихсэн 1.57 их наяд төгрөгийн татварыг буцаад төлөх эрсдэл үүснэ гэв. 2007 онд батлагдсан стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, үгүй бол түүнийг АМНАТ-өөр орлуулах талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийж, гэрээ байгуулж байгаа гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулж, энэ ондоо багтаан тодорхой үр дүн гаргана гэлээ. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордын ашиглалтаас улс орон нутгийн төсөвт 10.6 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоотойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлж, нийтдээ 67.6 их наяд төгрөгийн борлуулалт хийх тус уурхай судлагдаж, батлагдсан нөөц болон ажлын байр зэргийг танилцууллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, нийгмийн халамжийн зардлыг бууруулах тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, зах зээл дэх төрийн оролцоог яаж бууруулах болон төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, Боловсролыг дэмжих жилийн хүрээнд ямар арга хэмжээ төлөвлөж буйг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин стратегийн орд гэдгээс шалтгаалж эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарч байгааг тодорхойлж, стратегийн бүтээгдэхүүнээ тогтоож, бизнес дэх төрийн оролцоог зоригтой бууруулж, татвар, шимтгэлийн дарамтыг багасгах шаардлагатай байгааг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсний нэг үндэслэл нь Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны агуулга сайжрах гэж дурдсаныг онцлоод, энэ тооцоог Онтре Гоулд компанийн талбай руу олборлолт орно гэсэн тооцоогоор хийж байгаа гэдгийг дурдаж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ямар түвшинд байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас асуулаа. Мөн Сангийн сайд Б.Жавхлангаас ахмад настнуудын тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхэд 378 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсоныг Оюутолгой комданитай байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр жил тутам ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын хүү төлж байгаатай харьцуулан, энэ хүүгийн хэмжээг 3.0 хувиар бууруулахад 1.4 их наяд төгрөг буюу ахмадын тэтгэврийг 20-22 хувиар нэмэх хэмжээний эх үүсвэр гарч ирэх боломжтойг дурдав. Мөн тэрбээр багш нар, эмч нарыйн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолж, дээрх хүүгийн хэмжээг бууруулах боломж бий эсэхийг лавлаж асуусан юм.
Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хариулахдаа Онтре Гоулд компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын үйлдвэрлэлийн нөөц нь 812 сая тонн ба түүнд 4.7 сая тонн зэс, 275 тонн алт, 1334 тонн мөнгө, 46 мянган тонн молебдин агуулагдаж байгаа гэлдгийг танилцуулаад, одоогийн үнээр тооцвол 54 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олон нөөцтэйг хэлэв. Гэвч агуулга сайтай нөөц нь газрын гүнд байгаа тул Оюутолгой төслийн хүрээнд олборлолт явуулж гэмээнэ ашигтай байхыг сайд дурдаж, Оюутолгой болон Онтре Гоулд компаниуд хоорондоо 80:20 хувийн харьцаатай гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг үзээгүй байгаагаа хэлсэн юм. Тэрбээр оролцогч талуудаа хүндэтгэж, хамтарсан бизнес хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэж, Монгол Улсыг хүндэтгэхгүй байгаа хүмүүстэй бизнес хийх зайлшгүй шаардлага байхгүй гэв. Төрийн өмчийн компаниудын ноогдол ашиг болон бусад өгөөжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж, ногдол ашиг Баялгийн санд төвлөрөх учир тэтгэвэр, тэтгэмж нэмэх эх үүсвэр болж чадахгүй гэв. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байх ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүний саналыг сонсохгүй, олонхын саналаар хүч түрээд явчихдаг байдлыг засахад анхаарал хандуулах ёстой гэв. Онтре Гоулд компанийн эзэмшиж буй талбай стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой ордын хил заагт албан ёсоор орсон л бол Оюутолгой ХК-д тавьсан зарчим үйлчлэх ёстой. Иймд энэ гэрээр Монгол Улсын Засгийн газар ард түмнийг төлөөлөн хийх ёстой гэсэн шаардлагыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тавилаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын асуудлаарх зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хөндөж, 10 тэрбум ам.долларын алдагдал үүсгэсэн тухай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нийгэмд гарган тавьж буй асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэсэн юм. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат мөн хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нийгмийн халамжийн зардлыг бууруулах, Засгийн газрын өрийн хэмжээг 2028 онд 59.5 их наяд төгрөг болгож, өмнөх жилээс 7.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсоны цаана ямар том төслүүд байгаа, гадаад зээлийн ашиглалтыг хэрхэн сайжруулах, үр ашигтай гэж тооцож байгаа хөрөнгө оруулалтын төслийн ажлын төлөвлөгөөг 2026 онд бүрэн санхүүжүүлэх эсэх, төсвийн алдагдлын хязгаар нийцүүлж буй эсэх үзэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга энэ асуудлыг лавшруулж, гадаадаас нэмж зээл авахаар төлөвлөсөн эсэх талаар болон ашиглаагүй байгаа зээлдээ төлбөр шимтгэл төлж буй байдлыг эцэс болгох ямар бодлого, үйл ажиллагаа төлөвлөснийг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин мөн л энэ асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын чуулганы өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийхдээ гадаад өрийн бодлогоо чангатгаж, зээлжих зэрэглэлээ хадгалахын тулд цаашид гадаад өрөө багасгана гэж мэдэгдсэн атал өрийн таазын нэмэгдүүлж төлөвлөсөн нь зөрчилтэй байгааг дурдан, 90 сая тонн нүүрсийг 70 ам.доллар борлуулахаар тооцсон нь Хятад Улсын нүүрсний зах зээлийн эрэлтэд нийцэхгүй, төсвийн орлого тасалдах эрсдэл үүсэхээр байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр өрийн номинал хэмжээ 40 их наяд төгрөг байгаа бол 2026 оны төсвийн төсөлд 45 их наяд төгрөгөөр буюу нэмэгдэж төлөвлөгдсөн байгааг сануулж, энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас дэлгэрэнгүй тайлбар авсан юм. Өрийн номинал хэмжээ нэмэгдэж буй нь ханшийн зөрүү, нэмж авч буй зээл, дотоодын бондуудаас үүсэж буй өр гэсэн гурван эх үүсвэртэйг Сангийн сайд тайлбарлалаа. Төсвийн алдагдалтай төлөвлөсний цаана эдийн засгийн өсөлтийг хангах зорилт байгааг тэрбээр дурдаж, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцэл гэсэн хоёр дүн батлах бөгөөд суурь тэнцлээр бүх татварын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлээд, цаана нь 2.0 хувийн ашигтай гарна гэдгийг тайлбарласан юм. Харин тэнцвэржүүлсэн тэнцлээр 1.4 их наядын алдагдал гарч байгаа бөгөөд энэ алдагдал нь эдийн засгйиг эрчимжүүлэх том төслүүдийн санхүүжилтэд чиглэнэ гэдгийг тэрбээр онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр нүүрсний үнэ огцом унасан тодорхойгүй байдалд ирэх оныхоо төсвийг батлах гэж байгаа учир бодит үнээр, олон улсын зах зээлийн судалгаатайгаар төлөвлөх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Төсвийн тогтвортой байдлыг зөвлөл хүчтэй ажиллах шаардлагатайг сануулж, төрийн өмчийн компаниудын захирлуудын цалинг 3.0 сая төгрөг болговол хулгай хийнэ гэж зарласан “Эрчис Монгол” компанийн захиралд ямар арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаа асуусан юм. Сайд С.Бямбацогт түүний асуултад өгсөн хариултдаа төрийн өмчийн компаниудын удирдлагуудын цалинг Улсын Их Хурлын гишүүд, сайд нарынхтай дүйцэх хэмжээнд байлгах, ажлынх нь үнэлгээгээр улирал тутамд урамшуулал олгодог байх бодлого баримталж байгааг мэдээлэв.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон өөрчлөхгүй байх эрх зүйн боломжуудыг тусгаж өгсөн байтал Улсын Их Хурал өөрөө хуулиа зөрчиж, нэг удаагийн аргацаасан байдлаар асуудлыг шийдээд явах нь буруу гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин илэрхийлж, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг хэрэгслүүдээ ашиглах ашиглаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай олон улсын байгууллагуудын төсөөлснөөс төсвийн өсөлтөө өндрөөс тооцож тогтоохдоо ямар судалгаа, үндэслэлд суурилсныг Засгийн газрын гишүүүдээс асууж, орлогын бүтцийг татварт хэт тулгуурласан байдлаар төлөвлөсөн нь эрсдэлтэй байгааг анхааруулж, татварын бус орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү төсвийн хүрээний мэдэгдэлд ядуурал, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх ямар бодлого байгааг болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, тэтгэврийн реформыг яаж хэрэгжүүлэхээр төлөвлөснийг асууж тодорхой хариулт авсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмадын тэтгэврийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байх хууль мөрдөгдөж байгаа ч зарим жилд нэмэлгүй өнжих явдал байгааг сануулж, хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах бидний баталсан жилийн хөгжлийн төлөвлөгөө биелэхээргүй төсвийн хүрээний мэдэгдэл болжээ гэж дүгнэж байгаагаа хэлээд, төсөл, арга хэмжээний тоог 40 хувиар хассан нь хөгжлийн төлөвлөгөөны утга учрыг алдагдуулж байгааг тэмдэглэв. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг энэ онд 40 орчим хувиар огцом бууруулж 446 тэрбум болгосон нь хүнд цохилт болсныг тэрбээр онцолж, Боловсролыг дэмжих жилд боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж, хүртээмжийг дээшлүүлэх зорилтоо биелүүлэх шаардлагатайг сануулсан юм. Тус салбарт жил бүр 36 сургууль 32 цэцэрлэг барьж байж нэг ангид байх хүүхдийн тоог 40-өөс бага түвшинд барьж чадна гэдгийг тэрбээр сануулсан бол Сангийн сайд Б.Жавхлан биг датад суурилан боловсролын салбарт хэрэгцээтэй сургууль, цэцэрлэг, дотуур байрыг эрэмбэлж, 2.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 108 сургууль, 95 цэцэрлэг, 61 дотуур байрны хэрэгцээг тодорхойлсон гэдгийг хэлж, одоогоор Боловсролын яаманд магадлал хийгдсэн, зураг, төсөв нь шаардлага хангасан төсөл тун цөөхөн байгааг анхааруулж хэлсэн юм.
Төсвийн орлогыг зөв тооцсон эсэх болон алдагдалтай төсөв батлах нь зөв эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа магадлаад, Монгол Улсын урт хугацааны дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтууд огт өөрчлөгдөөгүй байхад бид байр сууриндаа эрс өөрчлөлт гаргах нь буруу гэлээ. Тэрбээр эдийн засгийн гадаад, дотоод орчинд тогтворгүй байдал үүсэх эрсдэл байгаа бол харин ч зардлаа танах ёстой гэдгийг сануулж, аудитын байгууллага төсвийг үр ашиггүй, өгөөжгүй гэж дүгнэж байхад алдагдалтай төсөв батлахыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хөдөө аж ахуйн садбарт 23 хувийн өсөлт гарсан тухай тооцоололд үнэмшихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан илэрхийлж, ургацаа алдаж, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 50 хувийг ч дотоодоосоо хангах боломжгүй болсон, нэг ч боловсруулах үйлдвэр бий болоогүй, ноос, ноолуур, арьс шир, малын дайвар бүтээгдэхүүн хаягдал болж буй нь бодлогын алдаа гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрбээр хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжилтийг нэг жилд бүрэн тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон, боловсруулах үйлдвэрүүдээ барих боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг Засгийн газрын гишүүдээс хүслээ.
МАН-ын сонгуулийн хөтөлбөрт ДНБ-ий 20 хувь нь улсын төсөв байна гэж зарлаж байсан боловч өнөөдрийн байдлаар 30 хувьтай байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат сануулж, нийгэмд цаг үргэлж хар бараан, болохгүй бүтэхгүй зүйлийн тухай мэдээлэл цацагдаж байгаа энэ үед бидний хэлэлцэж буй төсөв, төлөвлөгөөгөөр гэрэл гэгээтэй зүйл бий болох эсэхийг салбар бүрээр танилцуулахыг Засгийн газрын гишүүдээс асууж, хариулт авсан юм.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
Хувийн хэвшлийг бүрэн дэмжиж чадвал цаашид маш олон бүтээн байгуулалтын ард гарч чадна. Тийм учраас хувийн хэвшлийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулсан төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг оруулж байна. Мөн төсвийн орлого, зарлагыг аль алийг нь бууруулж байгаа. Үүгээрээ ДНБ болон тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 2028 он гэхэд 28 хувь бууруулах татварын шинэчлэлийг хийх орон зайг авч үлдэн хувийн хэвшилд бизнес хийх бололцоог олгож байгаа юм. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрлөалт оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр аймаг ,орон нутаг нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулаад, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр нийтийн үйлчилгээний зориулалттай дэд бүтцийн 100 тэрбум төгрөгөөс доош өртөг бүхий төслүүдийг заавал Засгийн газрын зөвшөөрөл шаардуулахгүйгээр бие дааж хэрэгжүүлэх гарцыг нээж байна. Удахгүй Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцүүлж эхэлнэ. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг хувийн хэвшлийг дэмжих бодлогын хүрээнд оруулж ирнэ. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй бол хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох, нэмэлт зохицуулалт, давхар хяналт шалгалт хийхийг бүрэн хориглохоор тусгаж байгаа. Мөн хувийн хэвшлийнхний эрх зүйн байдлыг дордуулсан ямар нэгэн өөрчлөлт, тогтворгүй байдлыг төрөөс бий болгохгүй байх буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байхаар хуулийн төсдийг боловсруулсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батална. Хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүйгээр эдийн засгаа 5.7 хувиар өсгөх зорилтоо хангахгүй, төлбөрийн тэнцлийг эерэг болгож чадахгүй. Олон дүрэм журам, хүнд суртал, техникийг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар 56 журмыг цэгцэлсэн. Засгийн газар байгуулагдаад 20 компанийг нэгтгэж, нийлүүлж, өөрчлөн зохион байгуулж, 2.0 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн. Үүнийг цааш үргэлжлүүлж, компаниуд тусгай зөвшөөрөлд заагаагүй л бол бусад төрлийн үйл ажиллагааг төрөөс заавал асуухгүйгээр хийх эрх зүйн боломжийг бүрдүүлэх 90 хуулийн өөрчлөлтийг оруулж ирнэ. Төр илүү дэмжлэг туслалцаа үзүүлдэг болнго.
Боловсролын сайд П.Наранбаяр:
Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлт нийслэл, аймгийн төвүүдэд их байна. Энэ бол олон жилийн хуримтлагдсан асуудал. Шууд нэг жилийн дотор шийдэхэд бас хүнд. Гэхдээ бид хөрөнгө оруулалтыг ноднин жилтэйгээ харьцуулахад 2.3 дахин нэмж цэцэрлэг, сургууль барьж хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нэг ангид бүлэг дүүргэлтийн стандартыг 35 суралцагч байхаар 2007 онд гурван сайд хамтарч баталсан тушаал байдаг. Үүнийг шууд баримтлахад ялангуяа нийслэлд боломжгүй байна. Бүлэг дүүргэлтийг 44 хүүхдээр тооцоход 18792 бүлэг шаардлагатай. Үүнийг бууруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсөвт гэрэл гэгээтэй зүйл байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Үүний дотор Зүрх судасны тусгайлсан төв барих ажил эхэлнэ. Ирэх хоёр жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгөөр түргэн тусламж, харвалт, шигдээс, гэмтэл, осол аваар, яаралтай тусламжийг Улаанбаатар луу зөөдөггүй болох тогтолцоог хийнэ. 21 аймагт жигд хүртээхээр ажиллаж байна. Энэ тогтолцоог хийх хүрээнд энэ тогтолцоогоо хэрэгжүүлэх төсвийг дахин өргөн барина. Та бүхэн соёрхон батлавал энэ зээлээр Монгол Улс даяараа түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоотой болно.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
Манай зам тээврийн салбарт гэрэл гэгээтэй юм юу вэ гэхлээр нэгдүгээрт хил холболтын асуудал байна. Хил холболтын төмөр замын ажил нь зургадугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2341 баганан суурь босгохоос 140-ийг босгоод байна. Бусад газар шорооны ажлууд зогсолтгүй явж байна. Хурдан, богино хугацаанд хил холболтуудаа хийх асуудлыг ярилцаж байна. Эхний ээлжид Гашуун сухайт, Ганц модны хил холболтын барилгын ажил эхэлсний дараа хоёр, гурав дахь хил холболтыг ярина. Сэхэ-Шивээ хүрэн боомтыг Ерөнхийлөгчийн айлчлалаар урд хөрштэй ярьж, эхлүүлэхээр болсон гэдгийг хэлье.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням :
Манай салбарт эрэл судалгааны ажилд зайлшгүй зардал гарах ёстой байдаг. Энэ зардал ирэх оны төсөвт хоёр дахин нэмэгдэж байгаа. Ингэснээр эрэл судалгааны ажил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Ирээдүйд үр хүүхдүүдийнхээ идэх хоол, эдийн засгаа тогтвортой байлгах орд газрууд, газар тариалангийн газрууд, барилга байгууламжийн одоо суурь байх ёстой газрууд, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлтийг гаргахад зайлшгүй шаардлагатай энэ ажлууд хийгдэнэ. Мөн металлургийн салбарт том мэдээ дуулгаж байгаа. Энэ бол Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэж дууссан, энэ ондоо багтаад тендерийг нь зарлаж, сонгон шалгаруулаад гүйцэтгэл нь эхэлнэ.
Хот байгуулалт, барига, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
Барилгын салбарын тусгай зөвшөөрлүүдийг энэ сарын 5-наас E-Mongolia цахим сайтаас гурван хоногийн дотор авах, хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилгээг нэвтрүүлээд эхэлж байна. Цаашдаа салбарын олон норм, дүрэм, стандартыг цэгцлэх зохицуулалтыг Барилгын тухай хуульд оруулж батлуулахаар ажиллаж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:
Мэдээлэл, технологийн салбар бол XXI зуунд бидний салшгүй нэг хэсэг болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс энэ салбараа дэмжих ёстой. Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал тавьж, хоёр журам баталсан. Журмуудаар виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд татварын болон татварын бус хөнгөлөлт эдлэх бололцоо нээгдэж байгаа юм. Ингэснээр старт апуудаа, залуучуудаа дэмжих бүрэн бололцоо бүрдэж байна. Мөн Монгол Улс анх удаа хиймэл оюуны үндсэн чип буюу GPU авч байна. Өнөөдөр Монгол Улсад 2023 оны дөрөвхөн GPU байгаа. Үүнийг салбарын компаниуд бүгдээрээ түрээсэлдэг. Хамгийн сүүлийн үеийн GPU авснаар салбарын компаниудаа дэмжих, дээр нь эрдэм шинжилгээний ажил, сургалтыг сайжруулах боломжтой.
Эрчим хүчний. Сайд Б.Чойжилсүрэн:
Эрчим хүчний салбар 2026 онд хөгжил урагшаа явдгаараа явна, хөгждөгөөрөө хөгжих ёстой гэсэн ийм найдлагатай байгаа. Хэд хэдэн төслүүд маань 2026 онд үргэлжлээд явна. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хоёр дахь блокыг ашиглалтад оруулна. 2026-2028 онд 3, 4 дүгээр блокоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Баян-Өлгийн цахилгаан станцын барилга угсралтын ажил мөн 2026 онд үргэлжлээд, 2027 оны эхний хагаст нэгдүгээр блок, 2028 оны эхний хагаст хоёрдугаар блок ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гуравдугаарт Шивээ-Овоо дээр 660 мВт-ын станц барих ажил эхлэх гэж байна, мөн 2026 онд үргэлжлээд, 2028 онд ашиглалтад орно. Эдгээр нь эх үүсвэр нэмэгдүүлэх ажлууд юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын Гашуун сухайт-Ганц модны хил холболтын зээлийн хэлэлцээрийн талаарх асуултад сайд Б.Дэлгэрсайхан дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Тэрбээр, хил холболтын төмөр замын тендерийг Монгол Улсын Төрийн худалдан авалтын газар зарлаж, үүнд Хятадын компаниудыг оролцуулсан. Өмнөд хөршийн хоёр компани тендерт оролцсон. Манай улсад одоохондоо ийм төвөгшил ихтэй байгууламжийг барих компани байхгүй. Учир нь энэ хил холболтын төмөр зам хамгийн өндөр нь 30 метр, хамгийн нам хэсэгтээ 20 метрийн өндөршилтэй, 18.3 км урт дан гүүрэн байгууламж дээгүүр явах, нарийн болон өргөн царигийн зам явах байгууламж. Тендерт Хятадын Си Ар Си Си буюу Зам гүүрийн компани 848 тэрбум төгрөг буюу 235 сая ам.долларын үнийн саналаар шалгарсан. Гэрээг баталж байх үед 290 сая ам.долларын санал өгч байсан. Улсын Их Хурал гэрээг хэлэлцэж байх үед гишүүд хамгийн бага үнээр хийхийг бодоорой гэсэн захиа, даалгавар өгснийг биелүүлсэн. Энд ямар нэгэн оффтэйк байхгүй. Монголын тал өөрийн тендерийн зардлыг Тавантолгойгоос шууд бэлэн мөнгөөр төлөх юм. Энэ байгууламжийн Монгол талын хэсгийн өртгийг бид өөрсдөө төлнө. Хятад тал өөрсдийнхөө байгууламжийн өртгийг гаргана. Тийм учраас бид урьдчилгаа мөнгөө төлөөд барилга байгууламжийн ажил эхэлсэн гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн онд батлагдсан Малчны тухай хууль, түүнд тусгагдсан малчны тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв.
Ийнхүү ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.