Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2025.09.18/ Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Азийн бүсийн дэд захирал Жасон Литэй уулзаж буйдаа талархаад, цаашид ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхааран ажиллахаа илэрхийлэв. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс ирүүлж буй үнэлгээ, зөвлөмж, хамтын ажиллагааны санал санаачилгад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа тодотголоо.
Тус уулзалтаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд нийцсэн хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Азийн бүсийн дэд захирал Жасон Ли аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.