Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат өнөөдөр (2025.09.23) Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын байнгын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөллийг хүлээн авч уулзав. Хүндэт зочид хоёр улсын парламентын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-нд оролцохоор ирсэн нь энэ юм. Уулзалтын эхэнд Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг уриад, өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн олон талт үр дүнг бататгана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай тэртээ 2017 оноос хойш парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангахад нягт хамтран ажилласаар ирснийг тодотгов. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хоёр ч удаа шинэчлэн баталж, Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх механизмыг бүрдүүлэн ажиллахаар зорьж байгааг онцоллоо.
Швейцарын Парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мариа Стосич найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид Швейцарын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргаас ирүүлсэн мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр, талууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал, сайн туршлагыг харилцан солилцож, өмнө хэрэгжсэн төслүүдийн үр дүнг бататгах болон цаашдын хамтын ажиллагааны зорилтот чиглэлийг тодорхойлоход энэ удаагийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг тодотгосон.
Уулзалтад оролцогчид хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа сүүлийн жилүүдэд олон талт хэлбэрээр өргөжиж байгаад санал нэгдэхийн зэрэгцээ манай ес дэх удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн стратеги зорилтын хүрээнд санал солилцов. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалт, үнэлгээ, мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.