Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг өнөөдөр /2025.09.23/ “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдвээр үргэлжиллээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд даргалсан бөгөөд хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, С.Эрдэнэбат болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 50 орчим хүн оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр тус Байнгын хорооноос өмнө нь “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдвээр хэлэлцүүлэг явуулсныг дурдлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлүүлэх 430, нийтдээ 9.6 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 579 төсөл хэрэгжих юм байна. Арга хэмжээний тухайд 3.3 их наяд төгрөгийн санхүүжүүлтийг тусгаснаас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 84.5 хувь нь барилга байгууламж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, 15.5 хувь нь их засвар, тоног төхөөрөмж, төсөл боловсруулах, цахим систем бий болгоход тусгагдсаныг Байнгын хорооны дарга онцолсон.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27.6 хувь буюу 902 тэрбум төгрөгийг зам тээвэр, 13.7 хувь буюу 448 тэрбум төгрөгийг боловсрол, 9.8 хувь буюу 322 тэрбум төгрөгийг эрчим хүч, 6.5 хувь буюу 211 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, 5.2 хувь буюу 669 тэрбум төгрөгийг соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэв.
Мөн гадаад зээл тусламжийн ашиглалтад 1.9 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөөс 1.5 их наяд төгрөг буюу 79 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, 272 тэрбум төгрөг буюу 14 хувийг дамжуулан зээлдүүлэх зардалд ашиглахаар төлөвлөгдсөнийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлсэн үгэндээ тодотгосон.
Хэлэлцүүлэгт Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Монгол Улсын 2026 оны хөрөнгө оруулалт”, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын менежер Б.Сандуйжав “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар аудитаас өгсөн зөвлөмж” сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Сангийн яамны илтгэлд төсвийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд 2026 онд 29.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1712 төсөл, нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй саналыг төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлснийг дурдав.
Гэвч хөрөнгө оруулалтын хүрээ хязгаар нь 3.2 их наяд төгрөг тул Сангийн яамнаас төслийн үр ашиг, ач холбогдол, эрэлт хэрэгцээнд суурилан эрэмбэлж, төлөвлөхийн зэрэгцээ эхлүүлсэн төслүүдийг үргэлжлүүлж, ашиглалтад оруулах бодлогыг баримталсан гэж байлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Тус илтгэлд хөрөнгө оруулалттай холбоотой анхаарах асуудлыг тодорхойлсон байв. Тухайлбал, зураг төсөв нь шаардлага хангахгүй, иж бүрэн бус, улмаар зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэргүй байхад хийлгэдэг, төлөвлөлт нь холбогдох хууль журмын шаардлагыг бүрэн хангадаггүй, чанар муу, гүйцэтгэл дутуу, хийгээгүй ажилд санхүүжилт олгох асуудал байгааг дурдаад төсөл, арга хэмжээний хяналт сул, ашиглалт хангалтгүй байгааг анхааруулсан байв. Мөн Олон улсын валютын сангаас хөгжиж буй орнуудын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг шингээх чадвараас болж дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулснаар 6-7 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөсөн тул салбаруудад ихээхэн төсөв хуваарилж, бүтээн байгуулалтуудыг олноор хэрэгжүүлэхээс илүүтэй зөв бодлого, удирдлагаар чанартай төсөл хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ.
Цаашид тус яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловруулж, цахим шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендерийн мэдрэмжтэй ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчид төслийн саналаа ирүүлэхдээ эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол гэсэн хэрэгцээ, шаардлага бүрэн тодорхойлох, зураг төсөв, бэлэн байдалыг хангах, төсвийн боломж хязгаарлагдмал тул удаан судалж хурдан хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэж илтгэлд дүгнэсэн байлаа.
Хэлэлцүүлэг "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүн"-гийн талаарх илтгэлээр үргэлжлэв. Илтгэлд аудитаар илэрч буй нийтлэг алдаа, зөрчлийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөх тогтолцоо алдагдсан, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төлөвлөсөөр байгааг анхааруулсан байв. Мөн төсөл, арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэх аргачлал, шалгуур үзүүлэлт хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй, тодорхойгүйгээс нэн шаардлагатай төсөл, арга хэмжээ төлөвлөгдөхгүй орхигдож байгааг дурджээ.
Төлөвлөлтийн алдаа, зөрчлийн тухайд бодлогын баримт бичигтэй уялдаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй, төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд хэрэгжихгүй удааширснаас төсөвт өртөг нэмэгдэж, улсын төсөв ачаалал үүсгэн үргүй зардал гарах, төсөл, арга хэмжээг эрэмбэлэлт оновчгүй үр дагаврыг үүсгэж буйг анхааруулж байв.
Цаашид аудитын мөрөөр УИХ-аар аудитын тайланг хэлэлцэхдээ илэрсэн алдаа, зөрчилд холбогдох этгээдэд хариуцлага тооцдог байх, төлөвлөлт, төсөвлөлтийн шаардлага хангаагүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлахгүй байх, төсөл, арга хэмжээ батлагдах үйл явцыг нээлттэй, ил тод болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг маргааш "Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.