Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Итали Улсын Миланы их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-тай хамтран “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр өдрийн турш онолын үзэл баримтлал, олон улсын туршлага, шинэ хандлагыг судалж, харьцуулсан тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал болон 10 гаруй улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Өнөөдөр /2026.09.23/ Хамбургийн их сургуулийн профессор Штефан Фойгт, Мэйжигийн их сургуулийн профессор Акико Эжима нар илтгэл танилцуулж, салбар хэлэлцүүлэг “Засаглал, технологи ба ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд илтгэгчдийн судалгааны үр дүнгээс ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус хяналтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагаа, бодлогын санал, зөвлөмжийг дэвшүүлэв.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд үндсэн эрхийн хамгаалалт, хууль тогтоох байгууллагын хяналт, гүйцэтгэх засаглал ба төрийн захиргааны механизм, хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо тулгарч буй сорилт ба ирээдүйн чиг хандлага сэдвээр арван хоёр улсын 42 судлаач бүтээлээ ирүүлснээс АНУ, Итали, Вьетнам болон Серби, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээл шалгарч, эдгээр өдрүүдэд илтгэлээ танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.