Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2025.09.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно болж, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай болон Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийн тухай асуудлуудыг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалан явууллаа. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилсан тухай танилцуулсан юм. Түүнчлэн өнгөрөгч баасан гаригт буюу энэ сарын 19-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байх үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн нь хууль зөрчсөн, эсэх талаар тайлбар өгөхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүслээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан гэдгийг онцолж, уг хуулийн 12.2-т заасны дагуу Улсын Их Хурал дахь намын бүлэг завсарлага авах буюу үргэлжлүүлэх эрхтэйг дурдан, энэ сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбар өгөв.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хийлээ. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой, Улсын Их Хурлын тогтоолыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх шаардлагатай гэсэн хоёр үндэслэлээр хориг тавьсан гэдгийг тэрбээр дурдав. Тогтоолын 1.5 дахь заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан нь улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл бүрдүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Мөн тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна гэж хоригийн үндэслэлд дурдсан байна.
Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал дараа нь танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч буй алтны үндсэн ордуудтай холбогдох эдийн засгийн тооцоолол болон байгаль орчинд учруулах хор хохирол, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн эсэх, мөн алтны ордуудын нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа хийгдсэн эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нэмэгдүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар хориг тавьсан зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь үзсэн бол тогтоолын 3 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж 95 хувь нь үзжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэл, эдийн засгийн тооцоо, судалгаа, Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацаа, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар үг хэлжээ. Санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалт болон 3 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Х.Ганхуяг нарын 19 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, хилийн зааг, цэг гортигийг тодорхой тогтоох, хамгаалалт, түүний дүрэм журам, менежментийг сайжруулах, мөн уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас тухайн сум, орон нутагт орох үр өгөөжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг чанаржуулж, доройтлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн хулгай буюу асуудлыг яаралтай горимоор Улсын Их Хуралд оруулж ирж, гишүүдийн анхаарал сарнисан болон ирц бүрдээгүй байх үед унасан саналуудыг босгох зэргээр хууль гаргаж, нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн шийдвэр гаргуулдаг явдлыг таслан зогсоох ёстой гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өмнө гаргасан Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудын хэрэгжилт, түүний хяналтыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир алт олборлолтыг сайжруулж, улсын хилээр хууль бусаар алт гаргаж байгааг зогсоох шаардлагатай гэв. Тэрбээр, дархан цаазтай, төрийн тахилгатай, тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулах үүд хаалгыг нэг нээчихвэл цаашид Бурхан халдун, Отгонтэнгэрийг ч ухаж мэдэх эрх зүйн гарцыг нээх эрсдэлтэйг сануулж, өв соёл, эх түүхээ хамгаалах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг алтны олборлолт гадаад валютын нөөц бүрдүүлэх, төгрөгийн ханшийг унагахгүй байхад тодорхой үүрэгтэйгээс бус улсын төсөвт нөлөө багатай гэдгийг танилцуулж, тогтоолын 3 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн санал дүгнэлтийг Байнгын хорооноос гаргасан нь энэ оны долдугаар сард хийсэн төсвийн тодотголыг хүчин төгөлдөр байлгахтай холбоотой гэсэн тайлбар хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хаврын чуулганы хаалтын үеэр тогтоолыг хэлэлцэн батлахад эсэргүүцсэн боловч дийлээгүйгээ учирлаж, өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй алтны 84 томоохон ордод 230 гаруй тонны нөөц байгаа гэдгийг мэдээлэв. Мөн Монгол Улсын газар нутгийн 21 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд манай улс 2022 онд Дэлхийн биологийн олон янз байдлын Күньмин-Монреалийн 30/30 санаачилгад нэгдэн орж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийнхээ 30 хувьд хүргэх үүрэг хүлээснийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр өмнөх 1, 2 дугаар хөтөлбөрүүдийг хэрэгжилт, үр дүн, тайланг хэлэлцэж дүгнэхгүйгээр дараагийн хөтөлбөрийг эхлүүлэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 21 хувь байгаа ч гэлээ Газрын тухай хуульд заасан бусад ангиллын буюу орон нутгийн, улсын хилийн, батлан хамгаалах зориулалттай, отрын, бэлчээрийн зэрэг бүхий л тусгай хэрэгцээний газруудаа нэмбэл нийт нутаг дэвсгэрийн 74 хувийг ашигт малтмалын чиглэлээр ашиглах боломжгүй болгосон байгааг эргэж харах шаардлагатай гэлээ.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулт өгөхдөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, зөвлөх Г.Ганболд нар Улсын Их Хурлын тогтоолын 1.5 дахь заалтад Эрээнбаавгайт, Гацуурт, Гутайн даваа зэрэг тодорхой орд газруудыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлж ашиглах асуудал хөндөгдсөн гэж үзэх үндэстэйг дурдаж, уг тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулж байгааг тодорхой тайлбарласан юм.
Улсын Их Хурлын гишүүл асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэгцэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан “Халзан бүрэгтэй” ордын ашиглалтын асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол, мөн Төсвийн байнгын хорооны Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байгааг харгалзан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаарх санал хураалтыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Тус дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...", мөн зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ. Харин уг хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар дүгнэлтийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр гэмт хэрэг, түүний үйлдэл, учир шалтгаан, хохирогч болон гэмт хэрэг үйлдэгчийн зан байдал харилцан адилгүй байдаг тул хуулийг хэт нарийвчлан тогтоох нь хууль хэрэглээнд хүндрэл үүсэх эрсдэлтэй тул хууль тогтоогч нь шүүхэд уян хатан байдлаар хэрэглэх боломжийг нээж шүүгчид өөрсдийн дотоод итгэлээр шийдвэр гаргах нөхцөлийг хангах шаардлагатай гэж үзсэнийг Үндсэн хуулийн цэц илүү тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэсэн байгааг тайлбарлаж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Байнгын хорооноос холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэгт шүүгч, прокурор, мөрдөх алба, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэсэн байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл шүүгдэгчийн цагдан, хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан хойшлогдох бүрд автоматаар сунгаж ирсэн нь хуульд тодорхой зохицуулаагүй ч практикт нэг ёсны заншлын хэм хэмжээ болон тогтсон, өмгөөлөгч оролцохгүй, бүрэлдэхүүн бүрдээгүй гэх мэт шалтгаанаар хүнийг урт хугацаагаар хорих нөхцөл бүрдэж байгаа тул цэцийн дүгнэлтийг хүлээн авч, ажлын хэсэг байгуулан, шүүх, прокурорын төлөөллийг оролцуулан, нарийн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж, мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчийн цагдан хорих асуудал нь зарим тохиолдолд субъектив байдлаар шийдэгдэж, олон улсын байгууллагын шинжээчийн дүгнэлтээр ч энэ нь нотлогдсон байдаг тул цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авах, асуудлыг хуульд тодорхой нарийвч нарийн томьёолон тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар цэцийн дүгнэлтээр цагдан хорихтой холбоотой зохицуулалтыг үгүйсгээгүй бөгөөд хүний эрх, эрх чөлөөнд халдаж болзошгүй практик дээрх алдаа, буруу хэрэглээг засаж, завсар зай үлдээхгүйгээр илүү нарийн, тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байх тул дүгнэлтийг хүлээн авч, ажлын хэсэг байгуулж, хууль тогтоомжид хүний эрхийн баталгааг хангахуйц өндөр шалгуур, тодорхой шаардлагуудыг тусган, нямбайлан боловсруулах шаардлагатайг илэрхийлэн үг хэлжээ.
Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж дурдсан зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 73.3 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хуулийн завсардал, хийдэл гаргахгүй байх, цагдан хорих аргаар хүнийг улайлгадаг, хэрэг тохдог тогтолцоог устгах, энэ аргыг дур мэдэн, үндэслэлгүй хэрэглэж байдлыг зогсоох зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих үндэслэлийг тодорхой заасан талаар дурдаж, эдгээр үндэслэлийг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм.
Дүгнэлтийг хүлээн авах, эсэх асуудлаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.