“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Үүнд хууль санаачлагч боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх саналын товьёгийг тайлбар, үндэслэлийн хамт албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулах, уг шаардлага хангагдсан эсэхийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, Хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тавигдах шалгуурыг хуульчилсан бөгөөд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх, ялгаварлан гадуурхаагүй байх, хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байгаа эсэхийг дүгнэж, хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх үнэлгээнд нэмж тусгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэрэгжүүлсэн холбогдох байгууллага үнэлгээний тайланг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулах гэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:-Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох; -Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах; -Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах үүднээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг мөрдөгч бүрэн эхээр нь яллагдагчид гардуулан өгөх; -Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгөх; -Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны болон дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан; -Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн; -Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгахыг тусгайлан заасан; -Ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын гурваас доошгүй өдөр байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоож, шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгах юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр заасан ажээ.
Түүнчлэн тус дугаарт “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай”, “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Тогтоолын төсөл буцаах тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.
“Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр 17 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт, харин ногоон зээлийн талаар 5 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанканд тус тус үүрэг болгосон бөгөөд тогтоолын биелэлтийн талаарх үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар даалгажээ. Тогтоолын зорилго нь хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг нэмэгдүүлэх, ногоон барилга, дулаалгын ажлыг санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, татварын бодлогоор дамжуулан иргэд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон барилгын шалгуур /BestGER/ болон монгол гэрийн дулаалгын шинэ стандартын хэрэгжилтийг баталгаажуулах, ногоон хөгжлийн мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх, ногоон зээлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байна.
Түүнчлэн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Үүнд: 1.Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан холбогдох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлах, хууль санаачлагчид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагын албан хаагчдыг дээрх аргачлал, арга зүйгээр хангах, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэх; 2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт хуулийг хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгох зохицуулалт тусгахад тавигдах шаардлагад нийцүүлэх зорилгоор судалгаа хийж, холбогдох хуулиудын төслийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3.Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох, хуульд заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх; 4.Эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хуульд нийцүүлэн шинэчлэн батлах; 5.Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг, сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх юм.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан “Оюу толгой” бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, тус түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар орсон байна. Тогтоолоор Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тогтоосон юм. Үүнд: 1/“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; 2/“Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах ажээ.
“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20,089,129.3 сая /хорин их наяд наян есөн тэрбум нэг зуун хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр, Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 21,372,400.2 сая /хорин нэгэн их наяд гурван зуун далан хоёр тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус баталлаа.
“Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан бол “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаажээ.
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглаж нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, үнэлэх ажиллагааг боловсронгуй болгох; 3/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч цахим хавтаст хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах ажиллагааг боловсронгуй болгох; 4/эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж тайлбар, мэдүүлэг өгсөн хэрэгт нь тухайн хүнийг яллах талын нотлох эх сурвалж болгохгүй байх зохицуулалтыг судлан, олон улсын гэрээнд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг боловсруулж, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.