Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.24/ нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад, гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Хуралдааны эхэнд “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хоригийн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Иймд Төсвийн байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй саналаар санал хураалтыг явуулав. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалтад хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь нь дэмжлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дахь заалтад хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэснийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэхтэй холбоотой санал хураалтуудыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.
Хуралдаан Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 18,19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан билээ.
Улсын Их Хуралд дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс тус намын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдсэн. Иймд хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Засгийн газрын гишүүдэд хандан төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр амалсан салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хууль тогтоолын төслүүдийг яаравчлан өргөн мэдүүлэхийг анхааруулав. Тодруулбал, уул уурхайн бодлогыг тодорхой болгох, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг хийх, гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулж ирэн, дэд бүтцийн салбарыг дэмжихэд чиглүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна сургалтын агуулгыг шинэчлэн сайжруулахад шаардлагатай хууль тогтоолын төслүүдээ өргөн мэдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Гишүүд үг хэлж дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүллээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төсвийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тавьсан асуулт, хэлсэн саналаас дараагийн төсвийн төслийг хэлэлцэхэд хууль тогтоолтой холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгаа нь харагдсан гэв. Иймд Улсын Их Хурлын даргын хувьд улс төрийн намуудтайгаа ярилцаад энэ асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулав.
Монгол Улсын нийт ажиллах хүчний 24.5 хувь, 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.9 хувийг эзэлж байгааг төсөл санаачлагч гишүүн дурдаад уг салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, нөөцийн ашиглалтыг сайжруулах, төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэмжихэд баримтлах бодлогын суурь зарчмыг тодорхой болгох, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх тогтвортой хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцлов.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалж, тус салбарт үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэснийг танилцуулгад дурджээ.
Мөн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөлжилт, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцааг тодорхой болгохын зэрэгцээ эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлтийг төрийн дэмжлэг олгох нөхцөлтэй уялдуулах, үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, тус салбарын бодлого, зохицуулалттай гадаад болон олон улсын байгууллагын санхүүжилттэй төслийн зорилго, үйл ажиллагааг уялдуулах, нэгдмэл байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож, бүртгэл, хяналтын нэгдсэн цахим систем бий болгох харилцааг хуульчлан тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн чиглэл, шалгуур тодорхой болж, улмаар хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллага, холбоодын хамтын ажиллагаа бэхжих ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ачаалал нэмэхгүй, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдээс аливаа зардал нэмж шаардахгүйг тодотгоод Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг онцлов.
Мөн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Ц.Туваан, М.Ганхүлэг, Д.Ганмаа, Н.Наранбаатар, Б.Түвшин, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хуулийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан малын тоо толгойн албан татвараас жилд хэдэн төгрөг санд хуримтлагддаг, зарцуулалт нь хэр үр дүнтэй байдаг талаар ажлын хэсэг судалгаа хийсэн эсэхийг лавлав.
Хууль санаачлагч гишүүн М.Мандхай, нэг малын тоо толгойгоос жил тутам 2000-5000 төгрөгийн албан татварыг авч байна. Малчин өрхийн жилийн мал тооллогын дүнд үндэслэж татвар авдаг гээд татварын орлого 100 хувь орон нутгийн төсөвт төвлөрдөг гэв. Мөн уг татварын орлого мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, усан хангамжийг сайжруулах, байгаль хамгаалах, малчдын амьжиргааг дэмжихэд чиглэсэн зохицуулалтай гэлээ.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуух бүрдсэн орлогыг сумын хөгжлийн санд төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд жилдээ 130 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Гэхдээ тухайн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ямар малд хэдий хэрийн татвар ногдуулдгаас хамаарч сумдад жилдээ дунджаар 50 сая төгрөг бүрддэг гэсэн нэмэлт тайлбарыг ажлын хэсгээс өгсөн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй гэж байгаа ч төрийн агентлаг, төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, аймгуудад хүнсний түүхий эдийн судалгааны лаборатори байгуулах зэргээр зардалтай холбоотой зургаан төрлийн агуулга төсөлд туссан байгаад тайлбар хүслээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хариултдаа, хөдөө аж ахуйн салбарт инновац, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг онцлоод салбарын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудын чиг үүргийг нь уялдуулдсан зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Өөрөөр хэлбэл, төсөлд шинээр төрийн агентлаг, байгууллага байгуулах зохицуулалт тусгаагүй хэмээлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний нэлээдгүй хэсэг буюу 350 гаруй мянган хүний асуудал хөндөгддөг. Тухайлбал, мал аж ахуйн салбарт ажиллагсдын хувьд ахмад настнууд, ганц бие залуучууд голлож буй тул гэр бүл, хүний нөөцийн асуудлыг холбогдох хуулиудтай уялдуулан тусгах шаардлагатайг анхааруулж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин малчдыг байнгын орлоготой болгож, бизнесмэн болгоход дэмжлэг үзүүлэх, нийслэлийнхнийг дотооддоо боловсруулсан махаар тасралтгүй хангах үндэсний тогтолцоог бий болгох агуулгыг төсөлд тусгасан эсэхийг тодруулж, санал хэлсэн. Тэрбээр халамжаас илүүтэй малчдын бизнесийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулдаг үндсэний сүлжээг бий болгоход төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэв.
Ингээд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.
Мөн “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс Байнгын хорооны гишүүдийг өөрчлөхтэй холбоотой саналаа нэгтгэх шаардлагатай байна гэсэн саналын дагуу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн нэгтгэсэн төслийг хэлэлцэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.