Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.09.24) хуралдав. Хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 11 цаг 40 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг чөлөөлөх, томилох болон хянан шалгагчийн үйл ажиллагаатай холбоотой эхний гурван асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг Түр хорооны дарга О.Батнайрамдал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Иймд хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн, холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хянан шалгах түр хороо хуралдаанаараа үргэлжлүүлэн “Эрдэнэс Монгол” компанийн мэдээллийг сонслоо. 1958-1995 онд ЗХУ-ын болон Монголын геологичид судалж, зэсийн илрэл тогтоосон бөгөөд өнөөдөр “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд хууль зүйн дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, боломжит хувилбарууд, цаашдын төлөвлөгөөний талаар “Эрдэнэс Монгол” компанийн Чанар, бүтээмжийн асуудал хариуцсан менежер Д.Ядамжав танилцуулсан. “Онтрэ” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг шинээр байгуулж, үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улсын Засгийн газарт ногдох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх хүрээнд суурь өгөгдөлд хийсэн дүн шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Техник эдийн засгийн үндэслэл, мөнгөн урсгалын загварчлалд дүн шинжилгээ хийж, алдаатай тооцоолол, засварлах асуудлуудыг тодорхойлжээ.
Үргэлжлүүлэн түр хорооны хуралдаанд “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх хүрээнд бэлтгэж байгаа ажлуудыг танилцуулсан. ТЭЗҮ, санхүүгийн загварчлалын алдаа дутагдлыг засаж, хууль тогтоомж, татварын орчинд нийцүүлэн олон улсын FAST стандартын дагуу санхүүгийн загварчлалыг сайжруулан боловсруулж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байгаа гэв. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх хүрээнд “Эрдэнэс Монгол” компаниас боловсруулсан тооцооллын гурван хувилбар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулсан.
Үргэлжлүүлэн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн түвшинг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчийн гэрээ”-нд 7 жил тутамд хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийн тодорхойлолтод буй хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх зохицуулалт туссан бөгөөд холбогдох талууд зөвшөөрснөөр хувийг өөрчлөх боломжтой юм. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх боломжит хугацаа 2025 онд тохиож байгаа бөгөөд энэ чиглэлээр ажиллаж байсан өмнөх ажлын хэсгүүдийн тайлан, мэдээллийг нягтлан судалж байгаа гэв. LIBOR дээр нэмэх нь 6.5 хувь байгаа зээлийн хүүг манай талаас 3.2-4.5 хувь болгон бууруулах тооцоолол танилцуулсан бол хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулагчдын зүгээс 8 хүртэлх хувиар өсгөх санал илэрхийлж байжээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх ажлын хэсгийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар байгуулж ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсэг хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хүрээнд 2018 оны ажлын хэсгийн тооцооллыг 2025 онд шинэчлэн тооцоод ээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулах боломжтой гэж үзсэн байна. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 3 нэгжээр бууруулахад Монгол Улсын Засгийн газарт ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоололтой гэв. Энэ хүрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүлэх тухай албан ёсны мэдэгдлийг хөрөнгө оруулагч талд хүргүүлсэн, хариу ирсэн байгаа юм байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд танилцуулж буй саналуудыг мөн дурдав.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас “Оюутолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж яриа хэлцлийг эхлүүлэх, мөн “Онтрэ” ХХК-тай холбоотой ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн талбайгаас Монголын талын хүртэх өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагавар, эрсдэлийн тооцоог боловсруулж 2024 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг “Эрдэнэс Монгол” компанид үүрэг болгосныг гишүүд тэмдэглээд, эдгээрийн хэрэгжилт нэн хангалтгүй байгааг шүүмжилж байв. “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчийн гэрээ”-нд 7 жил тутамд хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийн тодорхойлолтод буй хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх зохицуулалтыг хэрэгжүүлж болох хугацаа дуусахад 98 өдөр үлдсэн байхад Монгол Улсын эрх ашиг, олон зуун сая ам.долларын үр ашгийн талаарх энэхүү ажлын үр дүн нэн хангалтгүй байгаад Хянан шалгах түр хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж, шаардлага тавьж байсан юм.
Хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллээр үргэлжиллээ.
Ажлын хэсэг байгуулсан талаарх албан бичгийг Сангийн яам 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Сангийн сайдын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 109, 169 дүгээр тушаалаар байгуулсан байна. Дэд ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл багтаж, холбогдох судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэв. Дэд ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр хуралдаж, удирдамж, төлөвлөгөөг боловсруулсан гэлээ. Ажлын хэсгээс удирдамж болон санал, дүгнэлтийг III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд Засгийн газрын хуралдаанаас гарсан холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг тухай бүр Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд танилцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Ш.Бямбасүрэн нар үг хэлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, 3.5 сая монгол хүний хүртэх үр өгөөжийн асуудалд хариуцлагатай хандаж, үр дүнтэй ажиллахыг гишүүд хүсэв. Мөн энэхүү үйл ажиллагааны үр дүнтэй холбогдуулан хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг хэлж байсан.
Ийнхүү хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн мэдээлэл танилцууллаа.
Бүлэг ордын геологийн нөөцийн хүдрийн нөөцийн 32 хувь нь “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаардаг байна. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь хүдрийн нийт нөөц нь 2 тэрбум тонн орчим, үүнийг нарийвчилж үзвэл 24 хувь буюу 10.3 сая тонн зэсийн нөөцтэй, нийт нөөцийн 41 хувь нь буюу 759 тонн алт, 28 хувь буюу мөнгөний 3300 тонн нөөц байгаа гэв. Үргэлжлүүлэн тус бүлэг ордын хувь эзэмшлийн бүтцийн талаар, арбитрын шийдвэрийн одоогийн нөхцөл байдал, “Онтрэ” ХХК хөрөнгө оруулалтын гэрээнд туссан эсэх, энэ чиглэлээр цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулсан. “Онтрэ” ХХК нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн тал биш бөгөөд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан нөхцөлүүд “Онтрэ” ХХК-д хамаарахгүй хэмээн үзэж байгаа аж.
Мэдээлэлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, С.Зулпхар, Э.Болормаа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт аван, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. "Оюутолгой" ХХК, “Онтрэ” ХХК-ийн хооронд маргаан өрнөж, арбитрт хандан шийдвэр гаргуулсан байгаа бөгөөд энэ дунд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллаж байсан бүтэц, албан тушаалтныг тодруулаад, салбарын яам холбогдох хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй, хяналт тавьж ажиллаж чадахгүй байна хэмээн шүүмжилсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааг тодруулж, Хянан шалгах түр хороо тогтмол хяналт тавьж, долоо хоног бүр мэдээлэлтэй танилцаж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Үүгээр Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.