“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар эдийн засгийн өсөлт удааширсан, биржээр арилжаалж байгаа нүүрсний хэмжээ бага хэвээр байгаа, түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан төсвийн орлого өмнөх оны мөн үеэс буурсан, импорт саарсан, экспортын бууралтаас шалтгаалан төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон, төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш суларсан, өрхийн бодит орлогын өсөлт саарсан зэрэг үндэслэл, шаардлагын дагуу хэлэлцэн баталсан бөгөөд тус хуулийг баталснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсөвт тодотгол хийх үндэслэл бүрдсэн ба Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Энэхүү тодотголоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг буурахаар тооцсон бөгөөд мөн төсвийн урсгал зардлыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтлав. Үүнд: -Төрийн албаны бүтцийг цомхон, чадварлаг байлгах, чиг үүргийн давхардлыг арилгах, тэвчиж болох зардлыг хэмнэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулах; -Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй уялдуулан төсвийн захирагч хооронд чиг үүрэг, бүтэц шилжүүлэх, хуулиар тусгайлан байгуулаагүй хороо, зөвлөл, комисс болон тэдгээрийн ажлын албыг татан буулгах; -төрийн өндөр, дээд түвшний айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын зардал болон зочин төлөөлөгч хүлээн авах арга хэмжээг тэвчих замаар зардлын хэмнэлт бий болгох; -төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасны зардлыг бууруулж хэмнэлт бий болгох; -Хүүхдийн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих болон асаргааны тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг бууруулахгүй; -бусад урсгал зардлыг 0.4 хувь хүртэлх хувиар бууруулсан ажээ. Харин хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэж Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн удирдах, мөн орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй баталж, хэрэгжүүлэх, тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн төсвийн захирагч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хуулийг баталснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх, үүргийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг зохистой удирдах, хуульд нийцүүлэн хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах зэргээр төсвийн сахилга бат сайжрах бөгөөд тухайн жилийн төсвийн гүйцэтгэлээр өр төлбөр үүсгэсэн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх нь хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлагын үүднээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг нэгэн зэрэг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад дээрх хязгаарлалт хамаарахгүй байх зохицуулалтыг нэмж, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэхээр баталсан байна.
Эмхэтгэлийн тус дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангах, монгол адууны удмын санг хамгаалах зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг шинэчлэн тодорхойлох, гадаад улсаас импортлох адууны тоог 2026 оноос эхлэн 10 жилийн хугацаанд зогсоох, монгол адууны цөм сүргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлснээр импортын үржлийн адуугаар дамжин олон улсад бүртгэлтэй өвчин сүрэгт тархахаас хамгаалах, хяналтгүй эрлийзжүүлгийн улмаас төлийн тэсвэрт чанар муудах, өвчинд өртөмтгий байдал ихсэх зэргээр монгол адууны дархлааны системд өөрчлөлт орж байгаа нөхцөл байдал арилах, улмаар олон мянган жилийн туршид бүрдсэн популяцийн өвөрмөц генетик тогтолцоо, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд дасан зохицох чадвартай монгол адуун сүргийн удмын сан хэвээр хадгалагдах боломж бүрдэх юм. Харин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор авах зээллэгийн 2025 онд ашиглах 260.3 сая ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт Засгийн газраас өрийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.