Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.24/ “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75, экспортын орлогын 95, гадаадын хөрөнгө оруулалтын 74, улсын төсвийн орлогын 27 хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байгааг онцлов.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тус салбараас улсын төсөвт нийт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 4.1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 3.2 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлэхээр тусгасан байна гэв.
Төмөр замын бүтээн байгуулалт, хилийн боомтуудын хүчин чадал, ашиглалт сайжирснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ ирэх онд нэмэгдэхээр байгааг Байнгын хорооны дарга дурдав. Мөн төсвийн төсөлд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20.0 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор тусгасан байна гэлээ.
Хэлэлцүүлэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн “Уул уурхайн салбарын нөөц, олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх илтгэлээр үргэлжлэв.
Тус илтгэлд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр цаашид анхаарах асуудлыг хөндсөн байлаа. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой тогтоох, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид биржээр дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлэх, эрдэс баялгийн салбарын орон нутагт ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортын өсөлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тогтвортой байдал, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.
Дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх боломж, тулгарч байгаа сорилтууд” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр нүүрсний үнэ унаснаас уул уурхайн салбарын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар буурсныг онцлоод экспортын тээвэр, зохицуулалт, хил гаалийн нэвтрэлттэй холбоотой арга хэмжээ авснаар валютын нөөц тогтворжиж байгааг дурдав. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаалийн хяналт, үйл ажиллагаа, шат дамжлагыг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах чиглэлээр холбогдох журмыг шинэчилж, цахимжуулсан байна.
Үргэлжлүүлэн Монголын уул уурхайн ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.
Тэрбээр Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаагаас нүүрс, зэсийн баяжмал, алт гэсэн гуравхан бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тус салбарын хөгжил саарсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унасан энэ цаг үед Сангийн сайдын 2019 оны 302 дугаар Аргачлал, журам батлах тухай тушаалыг шинэчилж, аргачлалыг хувийн хэвшлийн саналд үндэслэн сайжруулж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг саадгүй шилжүүлэхийг бодлогоор дэмжих шаардлагатай. Мөн Баялгийн сангийн бүрдүүлэлтийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлж бүрдүүлэх боломжтой гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх талаар санал, бодлоо солилцон, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа газрын тосны нөөц бүрдүүлэх сан байгуулахаар болсныг дурдаад үүнд хэчнээн төгрөг төлөвлөсөн талаар лавлав. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаар тодруулж, эдгээр нь төслүүд нь 2026 оны макро эдийн засаг, валютын нөөц, инфляц, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар тооцоо судалгаа хийсэн эсэхийг холбогдох яамдаас тодруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.