“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд: 1.Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл гаргах, Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд 8 Байнгын хороо, 15 дэд хороотой ажиллах болсон. 2.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд орж байгаа дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороодын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байхаар тусгасан. 3.Монгол Улсын Их Хурлын сонгууль холимог тогтолцоогоор явагдах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл бүрийн төлөөллийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд багтаан мэдээллээр хангах, оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан Зөвлөлийн хуралд Зөвлөлийн бүрэлдэхүүн болох Улсын Их Хурлын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна Улсын Их Хуралд суудалтай, нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүн санал өгөх эрхтэйгээр, нам, эвслийн бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүйгээр оролцож болохоор тусгасан. 4.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх, асуултад хариулах, тайлбар өгөх албан тушаалтан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцдаг байх, хэрэв Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл ирүүлсэн, танилцуулсан, мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох талаар тусгасан. 5.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсөв хэлэлцэх дэгийг 5 үе шаттай болгосонтой холбоотойгоор Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлдэг байсныг 9 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилж, чуулган эхлэхэд төсвийн төсөлтэй Улсын Их Хурлын нийт гишүүн танилцах боломжийг бүрдүүлсэн. 6.Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудалд өөрчлөлт оруулж, тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хариуцуулахаар өөрчилж, энэ өөрчлөлтийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, тэр хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг эрхлэх асуудал хэвээр үйлчлэхээр, мөн Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог байгуулж, түүнийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгалаа. 7.Улсын Их Хурлын Тамгын газар анхдагч болон шинэчилсэн найруулгын төсөлд хууль зүйн дүгнэлт гаргадаг байсныг холбогдох Байнгын хороо хүсэлт гаргасан тохиолдолд зөвлөмж гаргахаар өөрчилсөн.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд: Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг 4 үе шаттайгаар хэлэлцэн батална. Мөн тухайн жилийн төсвийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах зохицуулалтыг 5 үе шаттай болгон өөрчилсөн. Төсвийн төслийг хэлэлцэхэд нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд нэгдсэн чуулганд төсвийн төслийн танилцуулгыг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулах ба Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлэхээр тусгасан. Хоёр дахь хэлэлцүүлэгт Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, Улсын Их Хурал төсвийн төсөл нь холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулахаар тусгасан болно. Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилж, ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байхаар заасан.
Харин Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд: Хянан шалгах түр хорооны даргыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, тусгай шалгалтын сэдвээс хамааран шаардлагатай бол түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн төлөөллөөс сонгох зохицуулалтыг өөрчилж, түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулахаар, хэрвээ уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгохоор, хэрэв түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгохоор өөрчилсөн болно.
Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Улсын Их Хурлын асуулгын цаг, Тусгай хяналтын дэд хорооны сонсгол, хяналт шалгалтын түр хорооны сонсгол болон Улсын Их Хурлын хяналтын сонсголд, эсхүл нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариу, улсын төсвийн төсөл, улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж хүргүүлсэн нь тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгасан байна.
Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуульд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн хүртээмжийг тооцоолсон байх тухай нэмэлт оруулан , хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөхөөр тусгав.
Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа хуульд заасан шаардлагуудад нийцүүлэх, түүний дотор энэхүү нэмэлт шаардлагыг баримтлахын дээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах үүргийг нэмж тусгасан байна. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан дараах хуульд өөрчлөлт оруулсан байна. Үүнд: 1.Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Хот байгуулалтын тухай хуульд заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэхээр нэмж тусгаж, хэрэв нийцээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар хуульчиллаа. Барилгын тухай хуульд заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагад зураг төслийг хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан байхаар нэмж тусгасан болно. 2.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуульд заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагын дагуу зохион байгуулахаар нэмж тусгасан. 3.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах Хотын зөвлөлийн бүрэн эрхэд уг төлөвлөгөөг батлахдаа холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, батлах зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Эмхэтгэлийн тус дугаарт “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай”, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай”, “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай” тогтоолоор Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилжээ. Харин “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолоор Цэндийн Сүхбаатарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлсөн бол Горчинсүрэнгийн Адъяаг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилсон байна.
“Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” тогтоолоор төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг төрөөс иргэнд үзүүлэх үйлчилгээний процесс, төрөөс аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний процесс, төрийн албан хаагчтай холбогдох процессыг тодорхойлох, төрийн байгууллага хоорондын процессыг тодорхойлох хүрээнд хийж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг хүн төвтэй үзэл баримтлалд нийцүүлж иргэдэд хүргэх, чанар, хүртээмж, байгууллагын бүтээмж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлж, хөгжлийн бодлогo, салбар болон төрийн байгууллага бүрийн стратеги, дижитал шилжилт, хууль, эрх зүйн орчин дахь өөрчлөлтүүдийг цогцоор уялдуулах, хувь хүний хэрэгцээнд тусгайлан тохируулсан өгөгдөлд үндэслэн проактив төрийн үйлчилгээг бий болгоход процессын дахин инженерчлэлийг чиглүүлж, үр дүнд суурилсан удирдлага, нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болголоо.
Түүнчлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянгыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, мөн Дамбын Батлутыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Доржсүрэнгийн Үүрийнтуяаг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.