“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлд олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгох асуудлыг тусгав. Ингэснээрээ спортын хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх, олимпын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор дэлхийн хэмжээний өндөр амжилт гаргасан гадаадын тамирчдыг Монгол Улсын иргэн болгон улсын нэрийн өмнөөс оролцуулж олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах боломж нэмэгдэж, дотоодын тамирчдад мэдлэг, ур чадвар, арга барил эзэмшүүлэх нөхцөл бүрдэх юм.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан байгуулах болон уг сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх зохицуулалтыг шинээр тусгажээ. Сан нь гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай байх юм.
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлт болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор борлуулах харилцааг хуульд тусгаснаар газар чөлөөлөх, үүнтэй холбогдон гарах зардлыг нөхөх, орлогыг дахин төлөвлөлтөд зарцуулах боломж бүрдэнэ.
Мөн хуульд мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалтыг тусгасан байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй хэсгийг хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологи ашиглан тодорхойлж, түүнд тулгуурлан хөдөлгөөнийг удирдан зохион байгуулснаар түгжрэлээс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлу буй сөрөг нөлөөллийг багасгах тооцоог хийжээ. Түүнчлэн нийслэлд “Теле камерын нэгдсэн төв” болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-үүдийг байгуулахаар зааж, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглан замын хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах үүргийг нийслэлийн Засаг даргад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг хариуцан ажиллахыг нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад хариуцуулав. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллага энэ чиг үүргээ биелүүлж ажилласнаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, жолооч нарын үйлдэж буй зөрчлүүдийг шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.
Мөн эмхэтгэлийн тус дугаарт “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийн тухай”, “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай”, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай”, “Зарим Байнгын хорооны даргыг cонгох тухай”, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” тогтоолоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж заасныг, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “…, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, …, өмчлөх, … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуягийг сонгож, Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Харин “Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай” тогтоолуудаар Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус улируулан сонгожээ.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороонд даалгасан байна. Үүнд: 1.Сонгох, сонгогдох эрхийн талаар: Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хаана байгаагаас үл шалтгаалан иргэн бүрд сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлох, сонгуулийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, стандартыг сахиулах, гомдол, маргааныг үр дүнтэй шийдвэрлэх, үр нөлөөтэй хариуцлага тооцох, зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр; 2.Хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаар: Өмгөөлөгчийг хуульд заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлсэнтэй нь холбогдуулан айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэх, тайлбар, мэдүүлэг авах, хууль бусаар шалгах, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь аливаа этгээд халдахаас хамгаалах, мөн өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь саад учруулсан, хязгаарласан агуулга бүхий хууль тогтоомжийн зохицуулалтыг өөрчлөх чиглэлээр; 3.Хүний эрх ба цахим технологийн талаар: Цахим технологийн хүний эрхийн нөлөөллийг тодорхойлох, үнэлэх, сөрөг нөлөөллөөс хүнийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах, Монгол Улсад хөгжүүлэх, эсхүл хориглох хиймэл оюуны төрлийг тодорхойлох, цахим технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр;
4.Цахим орчинд үйлдэгдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах талаар: Цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийн онцлог байдал, үйлдлийн арга, хэлбэр, цаашид бий болох хор уршиг, хохирлын талаар нарийвчлан судалж, энэ төрлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг судлах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх аргачлал боловсруулж, кибер халдлагатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, чиглэлээр; 5.Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах талаар: Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан гаргаж, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн цогц судалгааг хийх, судалгааны үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх арга, хэлбэрийг шинэчлэх, түүнчлэн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, дахин хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр; 6.Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцийн шинжилгээ хийх, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ажиллагааны зөвшөөрлийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, Гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх сангийн болон эрүү шүүлтийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн хууль зүйн, эрүүл мэндийн, нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн харилцаанд эргэн ороход дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах тухайлсан хуультай болох эсэх асуудлаар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалж, шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төслийг боловсруулах чиглэлээр; 7.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар: Эрүүдэн шүүхээс бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар болон хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох асуудлыг судалж, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, эрүү шүүлт тулгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хараат бусаар хянан шалгах бие даасан бүтэц байгуулах чиглэлээр болно. “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор зээлийн хүүг тогтооход банкны системд ялгаатай хэрэглэж байгаа хугацаатай хадгаламж хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарладаг байх, гадаадын банкны салбарыг Монгол Улсад байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шалгуурыг шинэчлэх зэрэг асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанканд даалгав. Мөн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуурыг төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлж, ялгамжтай тогтоох асуудлыг судлан, холбогдох арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Түүнчлэн зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээл гэсэн хэлбэрээр төрөлжүүлэн тогтоох, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг зээлжих чадварын зэрэглэлтэй уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус даалгасан байна.
“Зарим Байнгын хорооны даргыг cонгох тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийг Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус сонгожээ.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барина” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/алт олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжит нөхцөлийг судалж, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн баталгааг үндэслэн дэмжих; 2/хариуцлагатай уул уурхайг дэмжих хүрээнд эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын эрх, үүргийн харилцааг тодорхой болгож, төсөл хэрэгжиж байгаа суманд үр өгөөжийн дийлэнхийг үлдээх, хуулийн дагуу зөвшөөрөл авсан хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль бус шаардлага тавьж байгаа бусад оролцогч талуудад хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж тодорхой болгох эрх зүйн орчныг сайжруулж, хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/алтыг хууль бусаар экспортлоход хил, гаалийн хяналтыг чангатгах; 4/геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлөөр олгох зохицуулалтыг эрх зүйн орчинд тусгаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөж өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын холбогдох хавсралтад өөрчлөлт оруулах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх/Энэ дэд заалт болон тус тогтоолыг дагаж мөрдөх хугацаатай холбогдох заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан./ ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.