Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 33 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г, 3 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг тус тус баталсан.

Энэхүү төлөвлөгөөний онцлог нь дэлхийн улс орнуудын хамтын хөгжлийн зорилго болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас санаачилсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулсан байна.

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” зэрэг үндсэн 4 бодлогын тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлнэ. “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж эдийн засгийн эрх чөлөөний реформ, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлнэ. 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1.Эдийн засгийн эрх чөлөөний реформын хүрээнд бизнесийн үйл ажиллаагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчилж, татварын орчны шинэчлэлийг хийж, төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хаасан зохицуулалтыг багасгах, ялгамжтай байдлыг арилгана. 2.Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ. 3.Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ. 4.Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, бүтээмжийг сайжруулж, зардлыг бууруулж, хөрөнгийн удирдлагыг сайжруулна. 5.Баялгийн санг арвижуулж, геологи, хайгуулын болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлж, геологийн нөөцийг өсгөн, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тус төлөвлөгөө нь үр дүн, төлөвлөлтийн зарчимд суурилсан, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй бүрэн уялдсан бөгөөд дээр дурдсан үндсэн 4 бодлогын тэргүүлэх чиглэл болон реформуудыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэх ач холбогдолтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл