Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл нар өнөөдөр (2025.09.25) Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Хяналтын хороо болон Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хоёр улсын парламентын Тамгын газар хамтран “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г гурван өдөр зохион байгуулсан юм.

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мария Стосич болон төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын  гишүүд хүлээн авч уулзан, санал солилцож буйд талархал илэрхийлсэн.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Швейцарын Холбооны Улс болон Монгол Улсын парламентын хооронд 2017 оноос эхлэн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлсний үр дүнд хууль, эрх зүйн тогтолцоонд ахиц гарч байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр, Ажлын хэсэг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж байгааг тодотгоод, энэ хүрээнд төсөв болон хяналт-үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлыг эрчимжүүлж буй талаараа танилцуулсан юм.

Уулзалтын явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны дэг болон ажлын хэсгийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг хэрхэн оновчлох тухай асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл