Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр /2025.09.25/ Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор жил бүрийн аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэн батлуулснаар гүйцэтгэдэг гээд энэ нь парламентын хяналт, төрийн аудитын хараат бус байдлын зарчмыг хослуулснаараа онцлогтой гэж байлаа.
Мөн Үндэсний аудитын газар 1996 оноос эхлэн Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага, Аудитын хорооны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж, Лимагийн болон Мексикийн тунхаглалуудыг тууштай мөрдөж ирснийг тэмдэглээд аудитын хараат бус байдлыг хууль тогтоомжоор баталгаажуулах зарчмыг баримтлан ажиллаж байна гэв. Түүнчлэн төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд аудитаар илрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор хуулиудын уялдаа холбоо, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг дурдаад энэ талаар Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагаас өгөх үнэлгээ, зөвлөмжид Байнгын хороо онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Хатагтай Арчана Ширсат Улсын Их Хурлаар Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, Төсвийн байнгын хороо болон Үндэсний аудитын газар ачаалалтай ажиллаж буй энэ үед цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв.
Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрт зургаан орон хамрагдсаны нэг нь Монгол Улс гээд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арга зүйг нэвтрүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын Хөгжлийн санаачилга хөтөлбөрийн ахлах менежер хатагтай Марита Салгрэйв, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.