Цэс

Холбоо барих

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдвээр өнөөдөр (2025.09.25) боллоо.


Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, П.Наранбаяр, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэбат болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Боловсролын яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, нийслэл, дүүргийн төлөөлөл, салбарын ажилтнуудын төлөөлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд, эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэгт оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ 2025 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн дагуу улсын төсвийн төслийг хэлэлцэх дэг өөрчлөгдөн, олон нийтийн оролцоог ханган нээлттэй хэлэлцдэг болсныг танилцуулаад энэ дагуу Төсвийн байнгын хорооноос холбогдох цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Боловсролын салбар бол хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэх, хувь хүн, улсын хөгжил дэвшлийг түүчээлдэг. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ерөнхий боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги, бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлж, 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. 2026 оны төсвийн төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593 тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгасан” гэлээ. Түүнчлэн багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгох, нэг ангид суралцах, хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалал, нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд дурдав. Цаашид боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хувьсах зардлын тарифыг шинэчлэх хүрээнд цалин хөлсний бүтцийг үе шаттайгаар боловсронгуй болгохын зэрэгцээ боловсролын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байхад чиглэсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байв. Салбарын төсвийг 2022 онтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдүүлсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн тодотгоод, энэхүү хэлэлцүүлэг нь боловсролын салбарын тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг олоход тус нэмэр болохуйц, үр өгөөжтэй, ажил хэрэгч болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид салбарын төсвийн төслийн талаарх саналаа хэлэхийн зэрэгцээ бичгээр хүргүүлэх боломжтойг хэлж, хэлэлцүүлгийн дэг, хөтөлбөрийг танилцуулсан юм.


“Боловсролын салбарын 2026 оны төсөв” хэлэлцүүлэг ийнхүү эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр тус салбарын ирэх оны төсвийн төслийн талаар танилцуулсан. Хүн бүрд чанартай боловсрол олгож, хүний хөгжлийг дээдэлсэн “хүн төвтэй” бодлого, төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх, улс орны хөгжлийн суурийг бэхжүүлэхэд суурь боловсролоос эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Боловсролын сайд тэмдэглэв. Энэ хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн байна.


“Эрдэм боловсролтой монгол хүн” зорилгын хүрээнд тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж төсөр шийдлээр хүртээмж, чанарыг сайжруулах зорилт тавьсан гэлээ.

Энэ хичээлийн жилд 2441 сургууль, цэцэрлэг, боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, 1,284.0 мянган оюутан, сурагч, хүүхдүүд суралцаж байгаа бөгөөд салбарт 4.8 их наяд төгрөгийн төсөвлөсөн гэв.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсвийн төсөл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн саналыг боловсруулахдаа дараах зарчмуудыг баримтлан боловсруулсан байна. Боловсролын багц хуульд туссан багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжих гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цахим шилжилт, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцжээ. Сургалтын байгууллагын хүүхдийн тооны өсөлт болон өөрчлөлтийг ирэх 3 жилийн хугацаагаар нарийвчлан тооцож, анги, бүлэг тус бүрээр одоогийн мөрдөгдөж буй хувьсах зардлаар тооцож 2026 оны төсвийн төслийн саналыг боловсруулжээ. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хүүхэд бүрд суралцах ижил тэгш боломж бүрдүүлэх, орчин үеийн шинэ технологи ашиглан багшийг виртуал туслахтай болгох, хичээлийн цахим контент, хэрэглэгдэхүүн ашиглах боломжийг бүрдүүлэхээр тооцсон байна.


Шилжин хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээг нарийвчлан тооцож, бүс нутгийн хүүхдийн тоо, байршил, хамран сургах тойрог, нэг багшид ногдох ачаалал, бүлэг дүүргэлтийг харгалзан, Газарзүйн мэдээллийн системд суурилан сургууль, цэцэрлэг барих эрэлт, хэрэгцээг хамран сургах тойрог, хүчин чадал ашиглалтын хувь, хүн амын өсөлтийн тооцоололд үндэслэн төлөвлөсөн гэдгийг П.Наранбаяр сайд тодотгов.

Мөн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд нэмж тусгасан болохыг онцолсон.

Салбарын 2026 оны төсвийн төслийн саналыг ДНБ-ний 4.7 хувь, төсвийн нийт зарлагын 14.6 хувь буюу  4,803.1 тэрбум төгрөг байхаар тооцож, үүнээс урсгал зардалд 3,878.6 тэрбум төгрөг, улсын төсөв болон зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1,041.5  тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг -117.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.


Урсгал төсвийн хувьд 2026 оны төсвийн хязгаараас 255.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгасныг дурдав. Энэ нь хүртээмжтэй холбоотой хүүхдийн тооны өсөлт, багшийн ачаалалд нийцсэн цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд зориулж 158.1 тэрбум төгрөг, тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж болон орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан багшид олгох тэтгэмжийн санхүүжилтийг 97.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Үргэлжлүүлэн салбарын урсгал зардлын төслийн талаар сайд танилцууллаа. Салбарын 2026 оны урсгал зардлыг нийт 3,878.6 тэрбум төгрөгөөр төсөвлөснөөс сургуулийн өмнөх боловсролд 1,115.9 тэрбум төгрөг, ерөнхий боловсролд 2,314.1 тэрбум төгрөг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 213.3 тэрбум төгрөг, дээд боловсролд 142.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд боловсролын чанарт голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйлсэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Тухайлбал, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгалийн ухааны лаборатори багаж, хэрэгслээр хангах, цэцэрлэг сургуулийн хүүхдийг илчлэг хоол хүнсээр хангах, багшийн хангалтыг нэмэгдүүлж мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнд нийт 373.0 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Цахим боловсролыг дэмжих хүрээнд 2023 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Мэдлэ” цахим сургуулийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба  нийт 7.0 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.


Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, суралцагсдыг онолын мэдлэгээ практиктай хослуулан эзэмших боломжоор хангах зорилгоор хосмог сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 213.3 тэрбум төгрөгийг төлөвлөжээ. Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагсдыг ажиллангаа суралцах боломжоор хангана хэмээн тооцсон аж.

Ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасныг дахин дурдав.  

Тус салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээг мөн хэлэлцүүлэгт оролцогчдод П.Наранбаяр сайд танилцуулав Боловсролыг дэмжих жилийн хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр  593.6 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 41 сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Ерөнхий боловсролын 32 сургууль, 9 цэцэрлэгийн барилгыг ногоон, дижитал үзэл баримтлал бүхий стандарт, техникийн зохицуулалтын дагуу шинээр барьж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэлээ.


Хэлэлцүүлэг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалын “Монгол Улсын боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ. Холбогдох хууль тогтоомж, баримт бичгүүдэд, дүрэм журамд үндэслэн төсвийн төслийг боловсруулдаг болохыг илтгэгч тодотгосон. Ирэх онд улсын хэмжээнд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинэ хөрөнгө оруулалтын төсөв 1 их наяд төгрөг бөгөөд үүнийгээ бүх салбарын хэмжээнд эрэмбэлж, хуваарилахдаа тэргүүн ээлжинд боловсролын салбар, эрүүл мэнд, удаад эрчим хүч, дэд бүтцийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг тусгасан гэлээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв хязгаарлагдмал байгаа учир гадаад зээлийн эх үүсвэрүүдийг дайчилснаар ирэх жил боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн байна. Шинээр эхлэх аливаа бүтээн байгуулалтыг он дамнуулахгүй, тухайн жилдээ ашиглалтад оруулах бодлогыг баримталж буйг мөн онцоллоо.

2021 оноос хойш Монгол Улс нийтдээ 206 сургуулийг ашиглалтад оруулсан бөгөөд үүн дээр гадаадын зээл, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьсан сургууль, хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг нэмсэн тохиолдолд өндөр дүн гарна гэдгийг илтгэгч хэлж байв. Мөн хугацаанд 226 цэцэрлэг, 66 дотуур байр ашиглалтад оруулжээ. 2025 оноос хойш Монгол Улсад хийгдэж байгаа төсөвтэй холбоотой нийт хөрөнгө оруулалтыг том зургаар нь тооцдог болсныг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал тодотгоод “Боловсролын яам, Улсын Их Хурлын холбогдох ажлын хэсэгтэй хамтраад “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд их өгөгдөлд суурилан улсын хэмжээнд хэрэгцээтэй сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргасан. Улсын хэмжээнд шинээр сургууль байгуулах шаардлагатай 108, цэцэрлэг байгуулах шаардлагатай 95, дотуур байр байгуулах шаардлагатай 61 байршил бий. Үүний зэрэгцээ нурааж, шинээр дахин барих ёстой барилгууд бий, гэхдээ нэн тэргүүнд шинээр байгуулах ажлуудаа гүйцэтгэх шаардлагатай гэж эрэмбэлсэн” гэв.


Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 14 хувийг боловсролын салбарт төсөвлөсөн гэдгийг илтгэгч танилцуулсан. Санхүүжих дүнгийн хувьд ирэх онд 1 их наяд төгрөг хэдий ч нийт төсөвт өртөг нь 2 их наяд төгрөг болохыг тайлбарлав. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлэн, 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттайгаар  хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448.0 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу нийт 1.0 их наяд төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгажээ.


Улсын төсөв, гадаад зээлийн санхүүжилтээр нийтдээ 117 сургууль, 74 цэцэрлэг, 32 дотуур байр байгуулахаас гадна ирэх жил боловсролын салбарын тоног төхөөрөмжийг урьд жилүүдэд байгаагүйгээр нэмэгдүүлснээрээ онцлог гэв. Нийтдээ гадаад зээлийн эх үүсвэрээр 10 тэрбум төгрөг, улсын төсвөөр  56.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шинээр төлөвлөсөн. Ингэхдээ зориулалт тус бүрээр нь ангилснаараа онцлог юм байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах шинэ сургуулиудын дийлэнх нь эрэлтдээ үндэслэн нийслэлд төлөвлөгдсөн, үүний зэрэгцээ Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтууд хийгдэнэ, ирэх жилүүдэд гадаад зээлийн эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаас мөн төлөвлөсөн гэлээ.


Гадаад зээл тусламжийн хүрээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын зардлын талаар үргэлжлүүлэн мэдээлэл танилцуулсан. Тухайн жилд гарч төсөвлөсөн гадаад зээл тусламжийн нийт ашиглалтын дүнгээс үзэхэд 2020 онд хамгийн өндөр буюу 5.3 хувийг боловсролын салбарт хуваарилж байсан бол 2025 онд 1.5 их наяд төгрөг буюу 3.4 хувийг хуваарилсан байна. Үргэлжлүүлэн илтгэгч энэ хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.




Ийнхүү хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд Боловсролын сайдын, мөн Монгол Улсын боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх Сангийн яамны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй асуулт асууж, тодруулга хийхийн хамт боловсролын салбарын ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл