Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2025.09.26) парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уншиж танилцуулав.

Уг мэндчилгээнд, "Монгол Улсад ардчилсан парламентын институц төлөвшин хөгжөөд 35 жилийн ойтойгоо энэ онд золгож байна. Түүнчлэн парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг мэргэжлийн түвшинд хангаж ирсэн Тамгын газар байгуулагдсаны 35 жилийн ой мөн тохиож байгаа бөгөөд энэхүү давхар баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд өргөн дэвшүүлье" гэсэн байлаа.


Түүнчлэн манай ахмад үеийнхэн байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавилцсан түүхэн гавьяатай хүмүүс билээ. Та бүхний мэдлэг, туршлага, зөвлөгөө өнөөдөр ч бидний ажилд чиг баримжаа болсоор байна гэснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлон тэмдэглэв.


Мөн 2024 онд Улсын Их Хурал ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ахмад үеийнхний эрх ашгийг хамгаалах амьдралын чанарыг дээшлүүлэхэд нь чиглэсэн нэн шаардлагатай алхам болсон. Энэ хуулиар ахмад настны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг цогцоор үнэлэх, түүнд тулгуурлан асаргаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн дэмжлэгийн орчныг бий болгох зэрэг шинэлэг зохицуулалтууд тусгагдсан. Мөн байгууллагын түвшинд ахмад настны төлөөллийг гэрээгээр ажиллуулах боломжийг хуульчилсан нь ахмад үеийн мэдлэг туршлагыг төрийн үйл хэрэгт дахин ашиглах, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн чухал санаачилга болсон хэмээн мэндчилгээнд дурдсан байлаа.


Уулзалтад оролцсон ахмадууд  үнэт сургаалиа хайрлаж, санал хэлэхийн зэрэгцээ монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээж авсан Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байв.


Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны тэргүүлэгчээр Ч.Алтанцэцэг, С.Тэрбиш, Г.Алтан-Очир, Б.Мөнхцэцэг нарыг сонгож, тус хорооны даргаар Ц.Шаравдорж томилов.


Ташрамд дурдахад, Тус хорооны даргаар 20 жил ажилласан Ш.Ренчин өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хүндэт гишүүнээр өргөмжлөв  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл