Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 36 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Аян өрнүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд нийтлэгдсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар  “Хяналт-шинжилгээ хийх журам”-ыг,  2 дугаар хавсралтаар “Үнэлгээ хийх журам”-ыг,  3 дугаар хавсралтаар  “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ыг  тус тус баталсан. “Хяналт-шинжилгээ хийх журам”-аар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хяналт-шинжилгээний зорилго нь бодлогын баримт бичгийн үр дүнд хүрэх явцыг тогтмол хугацаанд ажиглан, зөв чиглүүлэхэд оршино. Харин “Үнэлгээ хийх журам”-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах ба үнэлгээний зорилго нь бодлогын баримт бичгийн үр дүнг хэмжих, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, ил тод байдлыг хангахад оршино. Түүнчлэн “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-аар Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэл (хууль тогтоомж, тогтоол, шийдвэр)-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Мөн Аян өрнүүлэх тухай”  Монгол Улсын Засгийн газраас тогтоолоор тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай өрнүүлэхээр шийдвэрлэж, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсан байна.

Түүнчлэн аяны хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгаж, хөнгөлөлттэй зээл олголтын үйл  ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөн, Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн дэмжлэгийг Монголбанкны бодлогын хүүгээс хэтрэхгүй байхаар тооцож, тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгожээ.

Түүнчлэн “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, аяны үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах, идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосон байна.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зарлах тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл