Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгээ өнөөдөр /2025.09.29/ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулав. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвийн хүрээнд боллоо.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Б.Найдалаа, Д.Рэгдэл, М.Сарнай, П.Сайнзориг, О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, болон Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, бусад эмнэлгүүд Монголын ахмадын холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эмийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 100 орчим хүн оролцов.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгч Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг оролцогчдод хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийн талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын ирэх жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсныг мэдэгдлээ.
Мөн цуврал хэлэлцүүлгүүдэд салбар салбараар төсвийг нь танилцуулан хэлэлцүүлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх, цаашдын хөгжлийн төлөвөө хэрхэн харах, бүх талуудын оролцоог хангаж, асуудлаа хамтдаа ярилцсанаар дуу хоолойгоо Улсын Их Хуралд хүргэх зорилгод чиглүүлж буйг онцлон тэмдэглэв.
Үүний дараа Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Байнгын хороонд эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нарын цалин урамшуулал, ахмад настны тэтгэврийг нэмэх эсэх талаарх олон өргөдөл ирснийг онцлов. Мөн улсын төсөв нь мөнгө хуваарилах тухай асуудал биш, салбар бүрийн ажилтнуудын цалин, урамшуулал 5,10 жилийн дараа хамгийн багадаа хэдэн төгрөгт хүрэх талаарх бодлогын шийдвэр гаргах тухай асуудал байдгийг тодотгов. Иймд Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдээс энэхүү бодлогын шийдвэрийн талаар холбогдох салбарын яамдаас тодорхой санал гаргаж ажиллах нь зүйтэй гэсэн хүсэлтийг тавьж байгаагаа мэдэгдээд, хэлэлцүүлэгт амжилт хүслээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Уг илтгэлд салбарын 2026 оны төсөв, хэрэгжүүлэх бодлого, сайдын багцын урсгал төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, хөрөнгө оруулалт, төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт зэрэг агуулгыг хөндсөн байлаа.
Сайд илтгэлдээ, Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад донор байгууллагуудын өгсөн зөвлөмжөөс бага байгааг дурдаад энэ нь салбарын санхүүжилтийг тогтвортой, өсөн нэмэгдүүлэх цогц бодлого шаардлагатай байгааг харуулж байна гэв.
Мөн иргэдийн саналд үндэслэн Засгийн газраас эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын төсвийг 5.5 дахин нэмэгдүүлсэн. Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэн батлагдвал салбарын санхүүжилт 3.9 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 3.6 хувь, Засгийн газрын төсвийн 11.8 хувийг эзлэх төлөвтэй байна гэж байлаа.
Салбарын төсвийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
2026 оны төсөвт учрах бодит эрсдэл нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв болжээ. Тодруулбал, эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод улсын төсвөөс олгох санхүүжилтийг өсгөх, шимтгэлийн төлөвлөгөө биелэх боломжгүй зэрэг нь сангийн орлого тогтвортой нэмэгдэх боломжгүйг харуулж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон. Түүнчлэн хязгаарлагдмал төсөв дотроо үр ашгаа дээшлүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжин сангийн зарцуулалтыг ойлгомжтой, ил тод болгох, зориулалтын дагуу ДЭМБ-аас зөвлөсөн хамгийн үр дүнтэй Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулна. Мөн анхан шатны тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандартыг бүрэн шинэчилж, чадвартай хүний нөөц бүхий иргэнд хүлээн зөвшөөрөгдсөн анхан шатны тогтолцоог бий болгох шинэчлэлийг эхлүүлнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ давхардал, үр ашиггүй байдлыг эрс шинэчилж, улс болон хувийн эмнэлгийн зохистой харьцаатайгаар гэрээг байгуулах, аль болох орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авах, 20 минут хот концепттэй уялдуулан тусламж, үйлчилгээний гэрээг хийж, үр ашгийг сайжруулна. Эмийн үнийн хөнгөлөлт, төрийн өмчийн эмнэлгүүдийн эмийн худалдан авалтын үр ашгийг сайжруулж, нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд оруулах ажлыг эрчимжүүлнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулж, салбарын үр дүнг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлнэ хэмээн илтгэлд дурдсан байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар танилцуулсан. Тэрбээр тус салбарын 2026 оны төсвийг нийт 4 их наяд 629.6 тэрбум төгрөг буюу 2025 оны батлагдсан дүнгээс 135 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөж, төсөлд тусгасан гэв. Ирэх оны төсвийн төслийн үндсэн зорилго нь хүн амын хөгжилд ахмад настан, хүүхдийн хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл, хууль, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан, хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн халамжийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулахад чиглэснийг сайд илтгэлдээ онцлов.
Мөн салбарын 2026 оны төсвийн төслийн 2 их наяд 583.4 тэрбум төгрөг буюу 55.8 хувийг Нийгмийн халамжийн сан, 1 их наяд 479.6 тэрбум төгрөг буюу 31.9 хувийг төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас, 117.1 тэрбум төгрөг буюу 2.5 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, 45.2 тэрбум төгрөг буюу 0.9 хувийг хуримтлалын сангийн хүүгийн өгөөжийн зөрүү, 37.4 тэрбум төгрөг буюу 0.8 хувийг хөрөнгө оруулалтын зардал, 20.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувийг хүүхэд хамгаалах зардал, 17 тэрбум төгрөг буюу 0.3 хувийг хүүхдийн төлөө сангийн зардал тус тус эзэлж байгаа аж.
Төсвийн төсөлд нийгмийн даатгалын дөрвөн төрлийн санд 2026 онд нийт 6 их наяд 174.3 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, улсын төсвөөс 1 их наяд 479.6 тэрбум төгрөгийн татаас авч, сангийн зардлыг 6 их наяд 439.7 тэрбум төгрөгөөр тус тус тооцож тусгасан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, 333.5 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас 538 мянган иргэнд олгох дундаж тэтгэврийн хэмжээ 850.2-901.2 мянган төгрөгт хүрэхээр байгааг Т.Аубакир сайд илтгэлдээ онцлов.
Дээрх танилцуулга, илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, Монголын ахмадын холбоо, Ахмадын дуу хоолой хөдөлгөөн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд бодлогын шинэчлэлийг хийж, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг бууруулах хүрээнд шаардлагагүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байдлыг цэгцлэх хяналтын тогтолцоог сайжруулах, нөгөө талаар энэхүү даатгалын шимтгэл дэлхийн жишгээс хамгийн бага буюу 4.0 хувь байгааг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар бодит хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өмнөх жилийн инфляцитай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ итгэлцүүрийг эргэн харах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлах, нийгмийн халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэх шаардлагатай талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.