Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
Зочид төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр (2025.09.29) хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндийг хүргэж, тэртээх он жилүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэхэд Польш Улс хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс орны нэг байсан явдалд байнга талархаж явах учиртайг онцлов. Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад энэ жил айлчлахдаа Монгол-Польш Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоож, 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөг батлан шат ахиулсан. Монгол Улсын Их Хурал таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн, анхны 126 гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Найман байнгын хороотой. Эдгээрээс Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, хамгийн том нь гэв. Түүнчлэн Монголын парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэхийг чухалчилж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, улс хооронд шууд нислэгтэй болгох, зэс боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрсний далд уурхай, Шинэ Зуунмод, Хархорин хотыг бүтээн босгох, аймаг, муж хоорондын харилцааг дэмжих чиглэлд хамтрах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд Польш эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэл, археологийн олдворын судалгааг хийж, дэлхийд таниулсан тухай кино хийж буйг дурдав.
Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчыца Монголын талаас урьсан явдалд талархаад, айлчлалын бүрэлдэхүүнээ танилцууллаа. Түүний хувьд хоёр улсын түншлэлд ижил төстэй үнэт зүйлс ихээхэн нөлөөтэй хэмээв. Мөн Польш Улсад Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид саяхан айлчилсан нь харилцааг ахиулж, уул уурхай, хил хамгаалах чиглэлд шинэ боломжийг эрэлхийлж эхэлсэн. Албан айлчлалынхаа хүрээнд уул уурхайн салбарын сайдтай уулзахаар товлосон. Олон Улсын тавцанд хоёр улсын харилцан дэмжлэг, байр суурь чухал байна гэлээ. Түүнчлэн хоёр улсын гадаад худалдааны эргэлт жилд 90 орчим сая ам.доллар байдгийг хоёр дахин өсгөх, хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг чиглэлд бизнесийн шинэ гарц бий болгох хэрэгтэйг онцоллоо. Цар тахлын улмаас хойшилсон зарим төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн гэрээг дахин сунгахад анхаарал хандуулж өгөхийг тус Байнгын хорооноос хүсэв. Энэхүү гэрээг сунгаснаар 50 сая еврогийн зээлийн хөрөнгөөр таван аймагт цэвэрлэх байгууламж шинэчлэх, Орхон аймагт хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, явуулын түргэн тусламжийн үйлчилгээ бүхий тэрэг, гал унтраах тэрэгний асуудлыг шийдвэрлэнэ гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцааг тусгаж, таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас хамгийн түрүүнд Эдийн засгийн байнгын хорооныхонтой уулзалт товлосон хэмээсэн бол Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, хоёр улс иж бүрэн түншлэлийн хүрээнд байгуулсан төлөвлөгөөгөө хөгжлийнхөө төлөвлөгөөтэй уялдуулах нь илүү үр дүнтэйг онцоллоо.
Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, өнгөрсөн найман жилд тус бүлгийг ахалж ажилласан талаар танилцуулаад, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд хоёр улсын үе үеийн парламентын бүлгүүдийн олон удаагийн уулзалт, урт хугацааны харилцааны түүх байгааг сануулав. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, манай хоёр улс уул уурхай, олборлолтын салбарт ижил төстэй зүйл их учраас энэ чиглэлд түлхүү хөгжих боломж бий гэсэн юм.
Ийнхүү талууд хоёр улсын парламент хоорондын харилцаанд сэтгэл өндөр байгаагаа харилцан илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, Польш Улсын Сеймийн Тамгын газар болон УИХ-ын Тамгын газар, Элчин сайдын яамдын төлөөлөл байлцав.
Албан айлчлал үргэлжилж байна гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.