“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Техникийн зохицуулалт шинэчлэн батлах тухай”, “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Техникийн зохицуулалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь малын гаралтай сүү бэлтгэн нийлүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах, бүтээгдэхүүнийг буцаах болон татан авах, устгах, дахин боловсруулах, импортлоход тавих шаардлагыг тогтоож, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
Түүнчлэн “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагын бодлого”-ыг, 2 дугаар хавсралтаар “Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын бодлого”-ыг тус тус баталсан байна. Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагын бодлогын баримт бичигт Ирээдүйн өв сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын хэрэгслийн өгөөжийн доод хэмжээ, хөрөнгө оруулалтын жишиг багц, Сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулахыг хориглох санхүүгийн хэрэгсэл зэргийг тусгах юм байна. Харин Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын бодлогын баримт бичигт Хуримтлалын сангийн хөрөнгийг удирдахад баримтлах зарчим, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын хэрэгслийн өгөөжийн доод хэмжээ болон эрсдэлийн удирдлагын асуудлыг тусгах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.