Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2025.09.30) хуралдаж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Дэд хорооны хуралдаан гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр 14 цаг 23 минутад эхэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал мэдээлэл танилцуулав. Хөтөлбөр батлагдсан тохиолдолд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны цаашдын үйл ажиллагааны удирдамж болох учраас дэд хорооны гишүүдийн саналыг сонсож, нээлттэй хүлээн авах, дэд хорооны гишүүд бодлогын түвшиндээ нэгдсэн ойлголт, байр суурьтай байх үүднээс ийн мэдээлэл танилцуулж байгаагаа дурдав.
Анхдугаар "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийг 2003 онд батлан хэрэгжүүлсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон 2 дугаар хөтөлбөрийг батлахаар боловсруулж байгаа гэлээ. Бодлогын баримт бичгүүдэд энэхүү хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ хэмээн туссан байдгийг хэлээд Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа гэлээ. Ажлын хэсэг нэн тэргүүнд бусад улс орны туршлагыг судалсан байна.
Хамгийн анхны хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг Австрали улс баталсан, өдгөө 140 гаруй улс орон ийм хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа аж. Үүний 35 нь хоёроос дээш удаа буюу 4, 5, 8 удаа, 75 нь нэг удаа баталсан байдаг юм байна. Улс орнууд энэ чиглэд 2010 оноос хойш онцгой анхаарч, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөгөө баталж ирсэн талаарх баримтыг дурдсан. Улс орнуудын хөтөлбөрөө баталсан хугацаа харилцан адилгүй байсныг Х.Баасанжаргал гишүүн тодотгоод “Улс орнууд эхний хөтөлбөрөө батлахдаа тухайн улсын хүний эрхийн нөхцөл байдлыг нийтлэг байдлаар сайжруулахад анхаарч байсан бол дараа, дараагийн хөтөлбөрөө сэдэвчилсэн, тодорхой чиглэлээр дагнах байдлаар боловсруулж, баталдаг байна. Тодруулбал, хүний эрхийг хангах, хамгаалах нийтлэг асуудлуудаа шийдсэн, ахиц дэвшил гаргасан гэж үзэж байгаа улс тодорхой сэдвээр нарийвчлах, дагнах байдлаар хөтөлбөрөө боловсруулж, баталж байгаа юм билээ” гэв.
НҮБ-аас хүний эрхийн чиглэлээрх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлах гарын авлагууд гаргасан байдгийг гишүүн танилцуулгадаа дурдаад Гүрж, Швед, Финлянд, Шри Ланк, Австрали улсын хөтөлбөрийн агуулга, хэлбэр, төлөвлөлтийн талаар харьцуулан тайлбарлалаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг судалсан бөгөөд үндсэндээ үйл ажиллагааны төлөвлөгөөний хэлбэртэй байгааг хэлж байв. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг ерөнхий байдлаар, өргөн цар хүрээтэй батлах нь аливаа асуудлаа орхигдуулахгүй шийдвэрлэх сайн талтай ч нөгөө талдаа хэрэгжихгүй байх магадлал өндөр болдог байна.
Удаах асуудал нь хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт гэдгийг Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд “Сүүлийн үед улс орнууд шалгуур үзүүлэлттэйгээр батлах чиг хандлага давамгайлж байгаа. Манай хууль зүйн салбарын ажлын шалгуур үзүүлэлт хангалтгүй, тэр дундаа хүний эрхтэй холбоотой шалгуур үзүүлэлт огт байдаггүй" гэв. Хөтөлбөр дээрх арга хэмжээнүүдийг хариуцан хэрэгжүүлэгчээр хамаарах байгууллагуудыг тусгах, дэмжлэг үзүүлэх олон улсын байгууллагуудыг хамтрах хэлбэрээр дурддаг болохыг танилцууллаа. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн зорилго, зорилтоо тодорхойлж, шалгуур үзүүлэлтээ тавьж, төсвөө нарийн төлөвлөдөг Хорват улсын туршлагыг хуваалцаад “Бидний хувьд өргөн хүрээнд судалсны үр дүнд ахиц дэвшилттэй хөтөлбөр боловсруулах төлөвлөгөө байна. Хүний эрхийн нөхцөл байдал тогтмол өөрчлөгдөж, шинэ сорилт, бэрхшээлүүд үүсдэг учраас улс орнууд дунджаар 4-5 жилийн хугацаатайгаар баталдаг юм билээ. Харин бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх үүднээс 10 жилийн хөтөлбөр боловсруулахаар байгаа” гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Герман, Хятад, Австрали улсын жишээнүүдийг онцлон “Хүний эрхийн дотоодын нөхцөл байдалд анхаарахаас гадна олон улсын хүний эрхийн нөхцөл байдалд анхаарсан төлөвлөгөө гаргадаг болсон. Герман улсын тухайд гэхэд л феминист гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдал дээр илүү анхаарахаар, БНХАУ байгаль орчны эрхийн асуудлыг, бүлгийн эрхийн асуудлыг, хүний эрхийн боловсролын асуудлыг дэлхийн хүний эрхийн засаглалд оролцох зэргээр тус бүрээр нь бүлэглэн үндэсний хөтөлбөртөө тусгасан байдаг. Зөвхөн дотоодын нөхцөл байдал гэлтгүй хүний эрхийн чиглэлээр олон улсын түвшинд тухайн улс орон ямар оролцоо, хандлагатай байхаа үндэсний хөтөлбөрөөрөө тодорхойлж байна” гэлээ.
Монгол Улс хүний эрхийн асуудал дээр ахиц дэвшилд хүрээгүй байгаа учраас хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө нийтлэг байдлаар төлөвлөн, хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлтийг холбогдох судалгааны дүнд гаргасан байна.
Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах замын зураглалыг НҮБ-аас гаргасан байдаг бөгөөд үр дүнтэй, хэрэгжихүйц хөтөлбөр боловсруулахын тулд Улсын Их Хурлын ажлын хэсэг энэ дагуу төлөвлөн, ажиллаж байгаа гэв.
Мэдээллийнхээ төгсгөлд Х.Баасанжаргал гишүүн Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төслийг боловсруулах хүрээнд 2023-2024 онд хийгдсэн ажлуудын талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан. Хүний эрхийн Үндэсний Комисст төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулснаар 2023 онд анхны төслийг боловсруулжээ. Хоёр жил орчим ажилласан тус төслийг 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хамтран ажилласнаар 7 зорилго, 33 зорилт, 132 үйл ажиллагаатай хөтөлбөрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Ийм учраас Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус төслийг сайжруулахаар ажиллаж байгаа гэв. Тус ажлын хэсэгт НҮБ-ын холбогдох төсөл, Канад сангийн “Мерит” төсөл дэмжлэг үзүүлэн ажилладаг болохыг дурдсан.
Ажлын хэсгийн зүгээс иргэдийн эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн нөхцөл байдалд ахиц дэвшил гаргах зорилготойгоор ажиллаж байгаагаа Х.Баасанжаргал гишүүн хэлээд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг нээлттэй хамтран ажиллахыг урив.
Улсын Их Хурлын гишүүн, “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргалын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Л.Соронзонболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн асуултад Х.Баасанжаргал гишүүн хариулахдаа “Хөтөлбөрийн төслийг боловсруулах хүрээнд холбогдох баримт, судалгаануудад дүн шинжилгээ хийхэд Монгол Улсын хувьд нэн тэргүүнд эрхийг нь хангаж, хамгаалж байх ёстой зорилтот бүлгээр хүүхэд, анхаарах ёстой асуудлаар эрэмбэлвэл гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал тодорхойлогдсон. Нийтлэг тулгамдаж буй асуудлаар хүний эрхийн боловсролын асуудал гэж тодорхойлогдсон” гэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр ирүүлдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь чухал баримт мэдээлэл бөгөөд сүүлийн жилүүдэд буюу Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулан, үе шаттай хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж буйг О.Алтангэрэл гишүүн дурдаад Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төслийг боловсруулахад Хүний эрхийн дэд хорооны гишүүд идэвх, санаачилгатай хамтран ажиллах нь чухал хэмээлээ. Дэд хорооны дарга С.Эрдэнэболд гишүүн, Хүний эрхий дэд хороо хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд анхаарал хандуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ парламентын түвшинд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа талаар хэлсэн. Ийнхүү Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсож, хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.