Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зочид төлөөлөгчидтэй өнөөдөр (2025.09.30) уулзаж, санал солилцлоо. Тэрбээр эртнээс харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн явдалд талархаж байгаагаа илэрхийллээ.
Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца, Монгол Улс дахь айлчлалын хүрээнд холбогдох яамдын сайдуудтай уулзахаар товлосноо танилцуулаад, Улаанбаатар хот шиг ийм их хурдтай барилгажилт явагдаж байгаа хоттой урьд өмнө таарч байгаагүй гэв. Аливаа улс орны хөгжил, хөгжиж буй үзүүлэлтийг барилгын крануудаар хэмждэг жишигтэйг Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса онцлов.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, хоёр улсын Засгийн газар хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 14 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас барилгын салбарын зарим гүйцэтгэлийг энэ онд багтаан дуусгах чиглэл өгсөн. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт цэвэрлэх байгууламж барих төслийг эхлүүлснээс зөвхөн Дорнод аймгийн хэрэгжээгүй үлдсэн нь асуудал дагуулж байна хэмээн танилцууллаа. Тэрбээр, энэ ажлын гүйцэтгэгчээр БНПУ-ын "Мелиорекс" ХХК шалгарч, гэрээ байгуулан эхний санхүүжилтээ авсан боловч ажил гүйцэтгээгүй. Яамны зүгээс ихэд хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид амжилттай хэрэгжсэн бусад хөтөлбөрийг тайлагнах, хоёр улсын хооронд нөхцөлт зээлийн гэрээг сунгахад саад учруулж болзошгүй. Иймд хоёр улсын найрсаг харилцааг хэвээр хадгалж, асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, уг асуудалд манай хоёр улсын гадаад харилцааны яам, элчин сайд нар анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Кажимеж Клэйна, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Олон талт харилцааны газрын захирал Агата Дуда-Плоника болон Польш Улсын Сеймийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, яамдын төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.