Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.30/ хуралдаан 14  цаг 00 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байгаагүй тул төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Мандхай, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, П.Батчимэг, Ц.Идэрбат, Г.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлсэн. 

Гишүүд хөдөө аж ахуйн салбарт олгодог урамшууллын хэмжээ ирэх онд өөрчлөгдсөн эсэх, улмаар тус салбарт хэрэгжүүлж буй аянуудын хүрээнд олгох зээл, зээлийн хүүгийн зөрүүнд хэдэн төгрөг төсөвлөснийг лавласан. Мөн улаанбуудайн хангамж, нөөц бүрдүүлэхэд авах арга хэмжээний талаар болон улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олгох санхүүжилтийн хэмжээг тодруулав. 


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Салбарын сайдын төсвийн багцын 64-70 хувь буюу нийтдээ 395.3 тэрбум төгрөг нь татаас, урамшууллын зардалд тусгагдсаны 332.2 тэрбум нь татаас,  63.1 тэрбум төгрөгийг урамшуулал эзэлж байна гэв. Харин “Атрын IV аян”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 2023-2025 онд нийтдээ 379.4 тэрбум төгрөгийг олгож, улмаар 2.8 их наяд төгрөгийн зээл гаргасан. 2026 онд нийт дүнгээр 332.2 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн татаасанд олгож, 1.7 их наяд төгрөгийн зээл гаргахаар тооцсон гэлээ.

Түүнчлэн тэрбээр, энэ жилийн ургацын төлөв байдлаас харахад хүнсний улаанбуудай 80 мянган тонн, үрийн улаанбуудай 20 мянган тонн буюу нийтдээ 100 мянган тонн улаанбуудайг импортоор авах шаардлагатай байгаа тул 2026 оны төсөвт 23.0 тэрбум төгрөгийн санал өгсөн гэж байлаа.


Үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан гишүүдийн асуултад нэмэлт тайлбарыг өгсөн. Тэрбээр сүүлийн 6-7 жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс нэг ч төгрөг хуваарилаагүй тул зээлийн эргэн төлөлтөөс эх үүсвэрийнхээ санхүүжилтийг гаргасаар ирснийг тодотгов. Мөн 2018, 2019 онд жилдээ 70-80 тэрбум төгрөгийн зээлийг 200 гаруй аж ахуйн нэгжид олгодог байсан бол одоогоор 30-40 тэрбум төгрөгийн зээлийг 300 аж ахуйн нэгжид олгодог болсон гэлээ. Ирэх оны төсөвт Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаа болон зээлийн эх үүсвэрт 140 тэрбум төгрөгийн санхүүжилтийн санал өгч, энэ хүрээнд 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгохоор төлөвлөсөн. Гэсэн хэдий ч агентлагийн үйл ажиллагааны 6.2 тэрбум төгрөгийн зардлын 50 хувийг хассан төдийгүй зээлийн эх үүсвэрт нэг ч төгрөгийн санхүүжилт тусгаагүй тул дотоод нөөцдөө тулгуурлаад 45 тэрбум төгрөгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэв.


Үргэлжлүүлэн гишүүд ойн хортон шавжийн устгал болон говийн бүсийг усжуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хэдий хэрийн санхүүжилт тусгагдсаныг тодруулахын зэрэгцээ байгаль орчны салбарын багцад 217 тэрбум төгрөгийг НҮБ-ын байр барихад хэмээн төсөвлөсөн нь тэвчиж болох зардал байсан эсэхийг илүүтэй лавлаж байв.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар 2025 онтой харьцуулахад 17 тэрбум төгрөгөөр ирэх оны ойн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн дүнг бууруулсан тул энэ хүрээнд ойн хортон шавжийн устгалын үйл ажиллагаатай холбоотой зардал багасна гэлээ.


Харин 217 тэрбум төгрөгийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад зарцуулна. Үүний 150 тэрбум төгрөгийг хурал зохион байгуулах барилга, байгууламжийн зардалд, үлдсэн 67 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулна хэмээн Б.Батбаатар сайд тайлбарласан. 

Мөн тэрбээр ирэх оны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийг нийтдээ 47.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Усны газарт гэхэд 2025 онд 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бол ирэх жил 2.3 тэрбум төгрөг болж, буураад байна. Үүний 2.0 тэрбум төгрөг нь Эгийн голын усан цахилгаан станцын шинжилгээ судалгааны зардалд буюу шинжлэх ухааны хүрээлэн рүү шилжих юм гэв.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл