Цэс

Холбоо барих

ХХНББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.09.30хуралдажЭрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын товд хоёрдугаарт товлогдсон ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг уг асуудлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр эхний ээлжинд хэлэлцсэн юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийг оновчтой хуваарилахач холбогдлыг нийтэд сурталчлан таниулахүнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажлыг хангалтгүй хийж байна гэж дүгнэсний үндсэн дээр хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагавруудыг тодорхойлж, холбогдох яам, агентлагт хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй үзэж, ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, түүний явц байдлыг тандан судалж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатайг тэрбээр танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг байгуулах асуудлаар тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар, мэдээллийг авч, харгалзан үзэхээр заасны дагуу Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ, Нийгмийнэрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд Эрүүл мэндийн сайдын баталсан хоёр үе шаттай төлөвлөгөөний дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх салбарын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, халдварт бус өвчний нас баралт, өвчлөлийн эрсдэлийг бууруулах замаар хүн амын дундаж наслалтыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг төлөвлөн, үүрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр болон хэрэгжих хугацааг тодорхойлох ажлуудыг хийж байна гэлээ. Үүний дотор Ерөнхий сайдаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг ажиллах журмыг батлуулж мөрдүүлэх, энэ асуудлыг хариуцсан үндэсний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн Үндэсний зөвлөлийг байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд орон тооны бус уг зөвлөл салбар хоорондын оролцоонд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж санал зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх журмыг Сангийн сайдтай, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой тохиолдлын үеийн удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг Шадар сайдтай хамтран батлах ажлын хэсэг томилогджээ. Эдгээрээс гадна нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журам, тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах, сайн дурын ажилтныг урамшуулах журам, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн дүрэм, бүтэц болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг батлах зэрэг ажлууд хүлээгдэж байгааг тэрбээр дурдав.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөлд тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. Тогтоолоор ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг баталж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтныг тухай бүр татан оролцуулж ажиллуулахыг ажлын хэсэг зөвшөөрөв. Түүнчлэн санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

Үүний дараа ЭМДҮЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Ж.Чинбүрэн танилцуулав. ЭМДҮЗ-д Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тух бүр гурав, нийт есөн гишүүн ажилладаг бөгөөд гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул зөвлөл 2024 оны сүүлийн хагас жилд найман гишүүнтэй ажиллажээ. Өнгөрсөн онд тус зөвлөл нийт найман удаа хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, журмыг шинэчлэн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн. Үндсэн цалин, орон нутгийн нэмэгдлийг өсгөж тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх төсвийн нарийвчилсан хуваарийг батлах зэрэг 11, өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой тав, нийт 16 тогтоол баталжээ. Мөн зөвлөлийн ажлын хэсгүүд Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн 24, нийслэлийн 22, нийт 46 эрүүл мэндийн байгууллагад албан томилолтоор ажиллаж, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай уулзан, тогтоол, шийдвэрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг бодлогын шийдвэрт тусгах, холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэх зэргээр ажилласан байна.

ЭМДС-гийн орлого, зарлагын гүйцэтгэлээр 2024 онд эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д 3274009 даатгуулагч хамрагдаж, хамрагдалт 93.4 хувьтай гарч, 1 их наяд 964 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1 их наяд 921 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 97.8 хувьтай биелсэн байна. Сангийн орлогын 38.9 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 42.3 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16.9 хувийг эрүүл мэндийн даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлсөн шимтгэл, 1.8 хувийг бусад орлого эзэлсэн байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 2 их наяд 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын гэрээ бүхий 2385 байгууллагад олгожээ. Үүнд, улсын эмнэлэгт 1 их наяд 127.9 тэрбум, анхан шатын эрүүл мэндийн байгууллагад 487.4 тэрбум, хувийн эмнэлэгт 266.8 тэрбум, эмийн санд 137.8 тэрбум, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд 31.6 тэрбум, сувилалд 27.2 тэрбум, төр хариуцах эмийн зардалд 31.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Төсөвт төлөвлөсөн зарлагын гүйцэтгэл 403,5 тэрбум төгрөгөөр давсан учир 2024 оны эрсдэлийн сангийн 53.6 тэрбум төгрөгийн 43,6 тэрбумыг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардалд, 10 тэрбум төгрөгийг амбулаторийн тусламж үйлчилгээний зардалд тус тус зарцуулжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал батлагдсан төсвөөс 197,9 тэрбум төгрөгөөр, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 478 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Мөн өмнөх оны өглөг 218,3 тэрбум төгрөгийг 2024 оны төсвөөс олгосонтой холбоотой сангийн нийт зарлага 2 их наяд 348,1 тэрбум төгрөг болжээ.

Даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, эрүүл мэндийн улмаас иргэнд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд ЭМДҮЗ-ийн шийдвэрээр орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төв (ЭМТ)-үүд болон сум, тосгоны ЭМТ-ийн албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар өсгөж, орон нутгийн нэмэгдлийг 40 хувь хүргэх тооцооллыг цалингийн тохируулгад тусгажээ. 1500-аас доош хүн амтай 23 сум, тосгоны ЭМТ-ийн нэг иргэнээр тооцох санхүүжилтэд хүн амаас хамаарах тэгш байдлын индексийн коэффициентыг хоёр дахин, оношилгоо, шинжилгээг гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, зарим сэргээн засах болон өдрийн эмчилгээний тарифыг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн байна. Мөн хүүхдийн өдрийн эмчилгээний болон хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багцуудыг шинээр үүсгэсэн байна. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөжүүлж хөнгөвчлөх тусламж үйлчилгээ болон хүүхэд, тулгуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настанд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг шинээр нэмжээ. ЭМДС-гаас олгож буй тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь бүсчилсэн коэффициентыг тогтоож, баруун бүсэд 1.15 нийслэлд 1.0 байхаар тохируулсан байна. 

Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр даатгуулагчийн амь насанд гэнэтийн эрсдэл учруулж болзошгүй төрөх, жирэмсэн, нярайн тусламж үйлчилгээ, халдварт өвчин, хавдар, түргэн тусламж, яаралтай тусламж зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг тогтмол нэмэгдүүлж, 2024 онд 84.2 хувьд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээг хувиар биш тогтмол дүнгээр тогтоосноор өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд иргэдийн төлөх төлбөрийн хэмжээ буурсан байна. Тухайлбал, 113.6 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрт даатгуулагч хувиасаа 28.4 сая төгрөг төлдөг байсныг 5.0 сая төгрөг болгон бууруулсан байна. Даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг иргэдийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөнөөр 2021 онд 39 тэрбум, 2022 онд 47 тэрбум, 2023 онд 62.8 тэрбум, 2024 онд 76.8 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлсөн байна.

Сайд мэдээллийн төгсгөлд ЭМДС-гийн удирдах, төлөвлөхтэй холбогдон харилцаа, гүйцэтгэлд суурилсан арга, хэмжээг оновчтой болгох чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах, төрөөс зардлыг нь хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, төрөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, төсөвт тусгах шийдвэрлэх, согтууруулах ундаа тамхины онцгой татвараас ЭМДС-д хуваарилах шаардлагатайг дурдлаа.

Байнгын хорооны дарга Б.Найдалаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж буй энэ үед эмнэлгийн санхүүжилт, өр авлага гээд салбарын бүхий л зангилаа асуудал ЭМДС-тай холбооотойг тэмдэглэж, санг шинэчлэхгүйгээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах боломж байхгүй гэдгийг онцолж, иймд хэлэлцэж буй асуудал ихээхэн чухал болохыг онцолсон юм. ЭМДҮЗ-ийн даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, С.Бум-Очир, Байнгын хорооны дарга Б.Найдалаа нар ЭМДС-гаас хариуцах ёсгүй урдчилан сэргийлэх кампанит ажлуудын санхүүжилт, төр хариуцахаар хуульчилсан элэг шилжүүлэн суулгах болон хавдрын эмчилгээний зардлыг санд үүрүүлж буй явдлыг хэрхэн шийдвэрлэх, даатгуулагчдын шимтгэлийг өөрсдийнх нь эрүүл мэндийн үйлчилгшээнд зохиулах ёстой атал төрийн албан хаагчдын цалин, байшин барилгын урсгал зардал, хувийн эмнэлгүүдийн зардал, цалин хөлсийг даагаад байгааг яаж засах, эрүүл мэндийн даатгалын бодлогыг хэрхэн боловсронгуй болгох, группын болон эмийн хөнгөлөлтийг яаж оновчтой болгох, эмийн тунг цусанд үздэг төхөөрөмжөөр хангагдсан эсэх, ЭМДС-гийн үйл ажиллагааны зорилго, зорилт, түүний шалгуур үзүүлэлтүүд, эдгээрийг хэрхэн хангасан болон актуар тооцоолол хийж ажилласан эсэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах болон төрөөс хариуцах шимтгэлийн хэмжээг яаж нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтэд тавих хяналтыг хэрхэн сайжруулах, сангийн 2024 оны өр, зээлийг 2025 оны эхний улиралд бүрэн барагдуулж, хувийн эмнэлэгт олгох санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр багасгасан атал яагаад улсын эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдэхгүй байгаа, мөн сангийн үйл ажиллагаа яагаад хүндэрсэн, өнөөдрийн нөхцөл байдлаас гарах ямар цогц төлөвлөгөө хэрэгжүүлж буйг болон чанартай эмийг боломжийн үнээр авах бодлого хэрхэн үргэлжилж байгаа, сангийн орлогын эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, нөөц хуримтлалыг яаж бий болгох, авлагыг барагдуулах талаар авч буй арга хэмжээ зэргийг асууж, Эрүүл мэндийн сайд болон ЭМДҮЗ-ийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМД-ын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах найман зорилт, 30 үйл ажиллагаа бүхий хөтөлбөрийг Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй хамт боловсруулаад байгааг мэдээлж, даатгуулагчийн шимтгэл, төрөөс хариуцаж буй зардал, тусламж үйлчилгээний гүйцэтгэл гээд олон зүйл өөр хоорондоо уялдахгүй байгааг дурдсан юм. Тийм учраас цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр онцолж, ЭМДС яамны харьяанд бус, даатгуулагчийг эрсдэлээс хамгаалдаг бие даасан сан гэдэг утгаар ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн тэрбээр бодит өртөг зардлыг зөв тооцсон тогтолцоо дутагдаж байгааг хэлж, 2026 онд он дамнаж өр төлдөггүй, алдаа багатай тогтолцоонд шилжин орохыг зорьж байна гэлээ. Боловсон хүчний шаардлагаас болж хөнгөлөлттэй эмийн эрх авч чадахгүй байгаа сумын эмийн сангуудад эрх олгохоор ажиллаж байгаагаа сайд өгүүлж, ЭМДС-гийн зарлагын хяналтыг сайжруулахын тулд тус санг ЭМЯ-ны харьяанаас гаргах зэрэг тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Дараа нь ЭМДҮЗ-ийн 2024 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Рэгдэл, С.Зулпхар, Ц.Баатахүү, Байнгын хоорооны дарга Б.Найдалаа нар үг хэлж, сангийн үйл ажиллагааг олон нийтэд эерэгээр ойлгуулах, бодлогын суурь асуудлуудаа өргөн барьж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэл анхаарах, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг уян хатан, хүртээмжтэй болгох, ЭМДС-гийн удирдлагыг томилдог тогтолцоог эхний ээлжинд өөрчлөх, хууль, эрх зүйн орчныг зоригтой шинэчлэхийг зөвлөж, хувийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, мөн тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх цаглаврыг нарийн баримтлах, эрүүл мэндийн байгууллагуудын менежментийг сайжруулах, салбарын дотоод эв нэгдэл, ойлголцлыг дээшлүүлэхэд анхаарч, мэргэжлийн хороодын дэмжлэгийг идэвхжүүлэн, актуар тооцоололд үндэслэж ажиллахыг санууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийн төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь болгож бууруулна, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг тэргүүн ээлжид авч үзэж, нэмэгдүүлнэ гэсэн заалтуудаас зөвхөн хязгаарлалтыг баримтлаад, цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй гэж байгаа нь хууль зөрчиж байгаа эсэхийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулахдаа Монгол Улсын төсөв орлогоосоо нягт хамааралтайг онцолж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд суурь зарлага болон орлогын харьцаа 2.0 хувийн ашигтай байх, уг ашгаар зээл, тусламжийн үндсэн төлбөрөө хийхээр заасан болон уг ашгийг гаргаж тооцоход төсвийн зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй болсон гэсэн тайлбар өгөв.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, зарчмын зөрүүтэй санал гаргав. Хуулийн төсөлд Засгийн газрын өрийн нийт хэмжээ 51 их наяд 200 тэрбум байгааг 51 их наяд 690 тэрбум, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 31 их наяд 600 тэрбум байгааг 32 их наяд 90 тэрбум, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 32 их наяд 980 тэрбум байгааг 33 их наяд 470 тэрбум, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 29 их наяд 552 тэрбум байгааг 30 их наяд 42 тэрбум болгож тус тус өөрчлөх тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа тайлбарлав. Түүний тайлбарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариулахдаа, төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд бариулж, 24.6 их наяд орчим төгрөгөөр тооцсоныг дурдан, энэ хязгаар дотор зохицуулж шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар төсвийн орлого, зарлагын дүн оны эхний хагаст төсөөлж байснаас буурсан гэдгийг тэмдэглэж, төсөвлөсөн орлого өсөх боломжгүй учир зарлагыг нэмэгдүүлэх нь тэнцлийн дүрэмд зөрчил үүсгэнэ гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Үүгээр хуулийн төслийн хоёр дах хэлэлцүүлэг дуусаж, санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үүний дараа явууллаа. Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Г.Хосбаяр, С.Зулпхар, Ц.Баатархүү, Ж.Галбадрах, С.Бум-Очир, А.Ганбаатар, М.Ганхүлэг, Байнгын хорооны дарга Б.Найдалаа нар асуулт асууж, Эрүүл мэндийн болон Боловсролын сайд Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, мөн холбогдох албаны хүмүүсээр тодорхой хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийн зардлын зарим зүйл өссөн, зарим нь буурсан дүнтэй байгаагийн учир шалтгаан, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сан, судалгааны хүрээлэнгүүд, тэдний зардал болон хувийн дунд сургуулиудад олгох 60 тэрбум татаасын учир, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоолны зардал, багшийн орон сууц, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж буй төсвийг нэмэгдүүлэх олон улсын гэрээ, контенциор хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилт, энэ талаарх яамдын үүрэг, хариуцлагыг сайжруулах, мөн эдгээр салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ч мөн ихээхэн танаж, хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хэрхэн үргэлжлүүлэх, багшлах боловсон хүчин, эмч, сувилагчдын дутагдалтай байдлыг ямар хугацаанд хэрхэн нөхөх, Боловсролыг дэмжих жилийн төсөв гэж төлөвлөөгүйн учир, гүйцэтгэлийн үнэлгээ, гүйцэтгэлийн санхүүжилтын үр дүнд үнэлгээ хийх, төсвийн дутагдлыг санхүүгийн лизинг зэрэг арга, хэрэгслээр шийдвэрлэх боломж зэрэг олон асуудлыг өргөн хрээтэйгээр хөндөж байлаа. Түүнчлэн ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг арилжааны банк бус тэтгэврийн үйлчилгээ эрхлэх институц өөрөө эрхэлдэг байх суурь шинэчлэлийн нэг мөр эхлүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг сайжруулах, төсвийг гал унтраах маягаар хуваарилж буй бодлого, менежментээ шинэчлэх, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг бүрэн гүйцэт олгох, соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээх уламжлан сургах ауилд зохих зардал санхүүжилтыг тусгах, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд холбогдох яам, газрын удирдлага, ажил хариуцсан хүмүүс идэвх, санаачилгатай хандах, хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийх, залуучуудыг дэмжихэд анхаарч ажиллах, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагаагаа зөв эрэмбэлж, ач холбогдлыг оновчтой тодорхойлох шаардлагатайг онцгойлон сануулж, эдгээр асуудлаар сайд нар, ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авав.

Төсвийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, С.Эрдэнэбат нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг 2026 оны төсвийн төслийг ул суурьтай авч үзэх шаардлага байгааг онцолж, Боловсролын зээлийн сангийн санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлэх санал дэвшүүлж, малчид, залуучууд, хэрэгцээ шаардлагаа илэрхийлж буй бүлгүүд рүү төсвийн тодорхой бодлогыг чиглүүлэхгүй бол нийгмийн томоохон хуваагдал руу орох эрсдэлтэй байгааг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа удахгүй тохиох Дэлхийн багш нарын өдрийн өмнө багш нар, эмч нар, ахмад настнуудаас уучлал хүсье гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар цахм сургалт, цахим сургуулийн хөтөблөрийг үргэлжлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт санал болгож, мэргэжлийн боловсролыг дэмжихийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэвчиж болох бусад зардлууд, дарга нарынм хангамжаас танах замаар ард иргэдэд хамгийн их хамаатай хоёр суурь салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин, хангамж, ажиллах нөхцөлийг сайжруулах боломж бийг дахин дурдаж, энэ бол Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гол үүрэг болохыг сануулав. Байнгын хорооны дарга Б.Найдалаа улсын төсвийг батлан нь Улсын Их Хурлын хамгийн чухал үүрэг учир нарийвчлан ярьж, нэг бүрчлэн хэлэлцэх ёстой гээд, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодлого, тогтолцооны түвшинд шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлага бий болсон байгааг дурдав.

Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан учир санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл