Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.10.01) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улс дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал тус улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд даргын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам бүр шинэ агуулгаар баяжиж, олон талт хэлбэрээр хөгжиж буйг онцлов.
Тэрбээр Вьетнам Улс хөдөлмөрч зон олныхоо хамтын хичээл зүтгэл, нягт тогтвортой бодлогын үндсэн дээр эв санааны нэгдэл, харилцан зөвшилцлийг эрхэмлэн эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрснийг сайшаан тэмдэглэлээ. Манай хоёр улс харилцан бие биеэ нөхөхүйц эдийн засгийн бүтэцтэй тул худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих бүрэн боломжтойг тодотгосон юм.
УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн энэ удаагийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг, мөнх хөх тэнгэрийн орондоо найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа хэлээд манай хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны нэн таатай энэ үед Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн хамт айлчилж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, харилцааны түүхэн мөчлөгүүдэд, хүнд хэцүү цаг үед монголчуудын үзүүлсэн сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг Вьетнамын ард түмэн хэзээд санан дурсаж, талархаж явдгийг уламжиллаа.
Энэ мэтчилэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бат бөх хэлхээ холбоо, бүхий л нөөц, боломжуудыг харгалзан үзэхэд өнөөдрийн худалдааны эргэлтийн хэмжээ хангалтгүй байгаатай санал нэгдэв. Тус улс энэ оны байдлаар ДНБ-ийхээ өсөлтийг 8 хувьд хүргэхээр тооцсон бол ирэх таван жилд хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг тэлж, олон улсын интеграцид байр сууриа бэхжүүлсээр ирсэн туршлагуудаас танилцууллаа.
Мөн төрийн бүтцийг илүү үр нөлөөтэй, цомхон болгох, засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх, бүх шатанд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлтүүдийн талаар дурдав. Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга үргэлжлүүлэн, манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлд нийцүүлэн харилцааны шинэ механизмуудыг хэвшүүлэх нь зүйтэй хэмээгээд хамтын ажиллагааны санамж бичиг, яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд холбогдох яамд, агентлагуудын оролцоог идэвхжүүлэх нь чухал гэв. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, тус улсын зах зээлд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг тодотгоод цаашид экспорт, импортын зөрүүг зохистой түвшинд хүргэхэд нэн түрүүнд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны олон талт боломжуудын хүрээнд нээлттэй санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, бүлгийн гишүүн Ц.Идэрбат, П.Батчимэг болон УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, албаны бусад төлөөлөгчид байлцав. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.