Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.10.01) хуралдав. Хуралдаан гишүүдийн 63.3 хувийн ирцтэйгээр 14 цаг 16 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцэх эхний гурван асуудал буюу “Хянан шалгагч томилж, ажлын даалгавар батлах тухай”, “Шинжээч томилох тухай”, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүд нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг О.Батнайрамдал дарга гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул хуралдаан хаалттай горимд шилжсэн.
Холбогдох асуудлуудаа хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэсний дараа Хянан шалгах түр хорооны хуралдаан үргэлжилж, “Нотлох баримт цуглуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх сэдвийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нотлох баримтуудыг гаргуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан тус төслийн талаар О.Батнайрамдал дарга танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Гишүүд 85.7 хувийн саналаар дэмжснээр “Нотлох баримт цуглуулах тухай” Түр хорооны тогтоол батлагдлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсож, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж ажиллаж байгаа юм байна. Бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Татварын ерөнхий газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Үндэсний геологийн албаны дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга нар ажиллаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал томилогдсон гэв.
Ажлын хэсгээс “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-тай албан уулзалтыг зохион байгуулж, тодорхой үүрэг чиглэл өгөөд байгаагаа танилцууллаа. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох хууль зүйн асуудлаар тодорхой санал, дүгнэлтүүдийг боловсруулахыг үүрэг болгосон бөгөөд ажлын хэсгийн хуралдаанд уг дүгнэлтүүдээ танилцуулж, цаашид хэлэлцээг хууль тогтоомжид нийцүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа хэмээн сайд танилцуулав. Түүнчлэн “Онтрэ” ХХК болон тус компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль эрх зүйн асуудлыг ажлын хэсэг нарийвчлан судлах үүргийг холбогдох яамдын төлөөлөл, компаниудын хуулийн багт үүрэг болгожээ. Ойрын хугацаанд нэгдсэн танилцуулга бэлтгэж, хэлэлцээрийн явцтай уялдуулан Улсын Их Хурал болон Засгийн газрын түвшинд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд хэлэлцээнд ашиглах санхүүгийн тооцоо, хувилбаруудын үр дүнг тооцож танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнгөрсөн таван сарын хугацаанд Оюу толгой төслийн санхүүгийн тооцоо, ТЭЗҮ, материалд нарийвчлан дүн шинжилгээ хийсэн байна. Үүний үр дүнд алдаатай тооцооллуудыг засварлаж, Монгол Улсын талаас анх удаа Оюу толгой төсөл дээр өөрсдийн санхүүгийн загварчлалыг боловсруулаад байгаа аж.
Цаашид “Орона Майнинг” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн зарчмын дагуу хэлэлцээг зохион байгуулж, санхүүгийн загварт үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. Уг боловсруулсан загварчлал нь олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагын ашигладаг FAST стандартад нийцсэн бөгөөд загварчлалыг боловсруулагдахдаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Антре гоулд” компанийн хөрөнгө оруулагчдадаа зориулсан тоо баримтад суурилж, харьцуулсан шинжилгээ хийснээрээ илүү бодитой илүү онцлог болсон гэдгийг онцоллоо. Ажлын хэсгийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүднээс Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, хэлэлцээ хийсэн зарчимтай ижил загвараар уг хэлэлцээг зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөж байгаа бөгөөд тухайлсан асуудлаар хариуцах гэрээ эрх зүйн асуудал хариуцах, эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцах, уул, уурхай байгаль орчны асуудал хариуцах дэд ажлын хэсгүүд байгуулахаар шийдвэрлэн зохион байгуулалтаа хийгээд ажиллаж байгаа хэмээн Г.Дамдинням сайд танилцуулав.
Ажлын хэсгийн хуралдаанаар холбогдох талуудад хууль зүй, нөөц тооцоололтой холбоотой тодорхой үүрэг өгч богино хугацаанд үр дүн гаргахыг үүрэг болгоод байгааг мөн дурдав. Оюу толгой төсөлтэй холбоотой дөрвөн чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр хэлэлцээрүүд нь бүгдээрээ уялдаа холбоотой болохыг хэлээд төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготойгоор нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. Ажлын хэсэг энэ чиглэлээрх өмнөх үйл ажиллагаануудад дүн шинжилгээ хийснээр нэгдсэн уялдаа, зохион байгуулалт чухал хэмээн дүгнэсэн болохыг хэлэв.
Танилцуулгатай холбогдуулан О.Батнайрамдал, С.Зулпхар, Э.Болормаа нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Оюутолгой төслийн ТУЗ дэх засаглалын асуудлыг хөндөж, эрх тэгш байх энэ зарчимд суурилсан байдлаар сайжруулах чиглэлээр ажиллах эсэхийг тодруулсан асуултад сайд хариулахдаа “Оюу толгой ХК-д Монголыг төлөөлж ажиллаж байгаа гурван хүн зохион байгуулалтгүй, тайлан гаргадаггүй, удирдамжаар хангахгүй зэргээр хангалтгүй ажиллаж байгаа асуудлыг бид ярилцаж байна. Иймд хараат бус гишүүдийг томилуулах тухай асуудлуудыг энэ хэлэлцээрийнхээ түвшинд хөндөхөөр төлөвлөж байна” гэдэг хариулт өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын тал 34 хувийг эзэмшдэг атлаа 34 хувьд ногдох зэсийн баяжмалаа борлуулах ямар ч эрхгүй, “Онтрэ” ХХК эдийн засгийн ашгаа 20/80 гэж хуваагаад 20 хувьдаа ногдох зэсийн баяжмалаа маркетинг хийж борлуулах эрхээ авсан, “Онтрэ” ХХК мөнгө гаргадаггүй, бүх зардлыг Оюу толгой төлдөг, буцаагаад “Онтрэ” ХХК-иас зээлжих хэлбэрээр хүүтэй буцааж авдаг зэрэг нөхцөлийг харьцуулан Хянан шалгах түр хорооны дарга онцлов. 30 жилийн хугацаатай байгуулсан гэрээний 16 дахь жил рүүгээ орж байгааг тэмдэглээд үндсэн гэрээний зэрэгцээ байгуулагдсан хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2011 онд гэрээнд өөрчлөлт оруулсан асуудлыг анхаарах, энэ төрлийн ижил гэрээнүүд 16 жилийн турш өөрчлөлт оруулахгүй явдаг жишээ бий эсэхийг судлах нь зүйтэй гэдэг саналыг Г.Дамдинням сайдад хэллээ. Э.Болормаа гишүүн Улсын Их Хурлын 92 болон 103 дугаар тогтоолуудын хэрэгжилтэд анхаарч, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн. Ийнхүү Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонсож дууслаа.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонссон. Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий тус ажлын хэсгийн мэдээллийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Амарбаясгалан танилцуулсан. Оюу толгойн асуудлаар ажиллаж байгаа дөрвөн ажлын хэсгээс гаргаж буй зөвлөмжийг нэгтгэж, нэгдсэн байр сууриа тогтсоны дараа хэлэлцээр хийх тактик боловсруулахаар ажиллаж байгааг дурдав. Тухайлбал, хүүг бууруулах асуудлын хүрээнд гаргаж байгаа санал, зөвлөмжүүд нь арбитрын ажлын хэсгээс гаргасан саналуудтай нийцэж байгаа эсэх, мөн Оюу толгойн хүрээнд байгуулагдсан бусад ажлын хэсгийн төлөвлөгөө, тактиктай уялдуулах зэрэг асуудлыг зангидах шаардлагатай байгаа ажлын хэсгийн төлөөллүүд ярилцсан гэв. Дэд ажлын хэсгүүдийн тайланг долоо хоног бүр хүлээн авч, нэгтгэн холбогдох талуудад танилцуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгааг хэллээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх хүрээнд дэд ажлын хэсгийг байгуулагдаад, хоёр удаа хуралдсан болохыг танилцууллаа. Дэд ажлын хэсгээс холбогдох байгууллагуудад үүрэг, даалгавар өгч, шаардлагатай мэдээлэл, судалгааг хийлгэж байгаа гэлээ. Ажлын хэсгээс урьдчилсан байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуримтлагдсан хүүтэй холбоотой асуудлаар зээлийн хүүг хэлэлцэх хугацаа 7 жил байгааг өөрчлөх тэргүүтэй гурван асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Ийнхүү ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, С.Зулпхар, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт аван, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.