Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.10.01/ хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх байгууллагуудын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Ирэх оны төсвийн төсөл дэх батлан хамгаалах чиглэлээр хийх арга хэмжээнүүд ойлгомжгүй байгаа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай зөрчилдөж байгааг тодотгосон. Тэрбээр энэ салбарт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих талаар тодруулсан.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БХЯ-ны салбарын хөрөнгө оруулалтын асуудлууд нууцын зэрэглэлтэй гээд, төсвийн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд жагсаалтаар нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын урсгал зардлууд жаахан нэмэгдсэн ч бусад зардлууд дан хасах дүнтэй байгаа хэмээн тодотгоод, хөрөнгө оруулалтын зардал 67 тэрбум, үүнээс 36 орчим тэрбум нь анги салбартай холбоотой тоног төхөөрөмж, энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай 16 орчим тэрбум төгрөгийн төсвийн төсөлд тусгасан гэлээ. Үлдсэн 31 орчим тэрбум нь анги байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зардлууд гэсэн мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Япон дахь ЭСЯ-ны барилгын нөхцөл байдал хүндэрсэн, ийм барилгатай гадаад орон дахь ЭСЯ-д олон байгааг онцлоод, хилийн чанадад байгаа дипломат алба хашиж байгаа хүмүүсийнхээ ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулан асуув.
Мөн тэрбээр дутуу дулимаг тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчдын асуудлыг ирэх жилд хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон дахь ЭСЯ-ны барилгыг нураагаад буулгах хувилбар болоод төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх гарцуудын талаар сүүлийн хэдэн жил ярилцаж байна. ЭСЯ-ны барилгыг буулгаад дахин барихад дор хаяж 30 сая ам.долларын зардал гарахаар байгаа. Ийм хэмжээний мөнгийг төсөвт суулгаагүй. Гадаад оронд дипломат төлөөлөгчийн 50 газар ажиллаж байгаа ч өөрийн байртай нь цөөхөн. Олон барилгад засвар хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жил хоёр газарт засвар хийсэн. Ирэх жил хэд хэдэн газар засвар хийхээр зардлуудаа тавиулаад байна. Ядаж жилд 1-2 барилгад засвар хийгээд явья гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн хариулт өгөв.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Я.Гантөмөр, Өнөөдөр Монгол Улсад 171 гал унтраах анги ажиллах шаардлагатай ч 69 анги үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх аврах нэгж 66 байх ёстойгоос 51 анги салбар үүргээ гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хангалт, хувцас хэрэглэл, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьтай байгаа. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад өссөн ч хангалттай үзүүлэлт биш. Ийм учраас ой хээрийн түймрийн үед Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 11 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтыг нэмэн шийдвэрлэж өгсөн. Ирэх онд 29 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих 100 сая ам.долларын төслийн хүрээнд бид саналаа боловсруулаад Сангийн яаманд хүргүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр хангалтын хувь хэмжээ 80 хувьд хүрнэ гэсэн тооцоололтой байгаа гэсэн хариултыг өгөв.
Хэлэлцүүлгийн үеэр гадаад улс оронд байгаа монгол иргэдэд туслах арга хэмжээ, 1970, 1980-аад оны барилга байшинтай зэвсэгт хүчний анги салбарын барилга байгууламжийн асуудал, онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл, гал унтраах машингүй байгаа орон нутгийн аврах ангийн асуудлыг хөндөж байлаа.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсов.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны хагас жилийн байдлаар 35.5 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа бөгөөд Олон улсын валютын сангийн Өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр манай улс 2023 онд өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан бол 2025 оны 06 дугаар сард хэвийн эрсдэлтэй үнэлэгдсэн гэлээ.
Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа өрийн удирдлагын арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаа нь Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг чанд мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаатай холбоотой хэмээгээд, Өрийн удирдлагын тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш Улсын Их Хурлаас нийт 4 удаагийн стратегийн баримт бичгийг батлаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг нийт 4 зорилт, 9 арга хэмжээтэйгээр баталсан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэхүү стратегийн баримт бичгийн зорилт, шалгуур үзүүлэлтийг мөрдөж ажиллан, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьд тогторжиж, гадаад үнэт цаасны төлбөрийн дарамт буурах, өрийн багцын зардал эрсдэлийн үзүүлэлтүүд сайжрах төсөөлөлтэй байна гэж Сангийн сайд мэдээллээ.
Засгийн газрын өрийн хүүгийн төлбөрийн хувьд 2025-2028 онд дунджаар жил бүр 1.3 их наяд төгрөг төлөгдөхөөр байгаа бөгөөд хүүгийн зардал 2017 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 14.5 хувьтай тэнцэж байсан бол 2025 онд 4.3 хувь, 2026 онд 4.1 хувь, дунд хугацаанд 3.5 хувьд хүрч тус тус буурахаар байна.
Ийнхүү өрийн зардал буурсан нь 2017 оноос дотоод үнэт цаас гаргахыг хязгаарлаж, арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаасны үлдэгдлийг бууруулж, хөнгөлөлттэй гадаад зээлийн эх үүсвэрийг түлхүү ашиглаж ирсэнтэй холбоотой гэв.
Тодруулбал, өндөр хүүтэй, богино хугацаатай гадаад үнэт цаасыг зөвхөн дахин санхүүжилтийн зорилгоор арилжаалж, үлдэгдлийг бууруулах бодлого баримталсны үр дүнд Засгийн газрын гадаад өрд эзлэх арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаасны хэмжээ 2017 онд 45.7 хувь байсан бол 2024 онд 28.6 хувь болж буурчээ.
Ийнхүү Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ тогтмол буурч, богино болон дунд хугацааны төлбөрийн хуваарийг жигдлэн, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг тууштай мөрдөж байгааг олон улсын байгууллагууд онцгойлон авч үзэж буй аж.
Тухайлбал, Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч”, “Эс энд Пи”, “Мүүдиз” байгууллагууд Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа буюу 2024 онд “В+, тогтвортой” түвшинд хүргэж нэмэгдүүлсэн бол Фитч (Fitch) агентлагаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарлажээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2025 оны 6 сард Монгол улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг 7 дугаар түвшнээс 6 дугаар түвшин болгон сайжруулсан.
Дээрх олон улсын байгууллагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулсан гол шалтгаануудын нэг нь “Засгийн газрын өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлсэн, гадаад өрийн дарамтыг бууруулсан” болохыг тайландаа цохон тэмдэглэсэн гэлээ.
Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 348 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 9.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 6.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд буюу 308 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд зарцуулсан бол төсвийн дэмжлэгийн зориулалтаар нийт 3.1 тэрбум ам.долларын 40 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан аж.
Сүүлийн 30 гаруй жил авч ашигласан зээлийг бүтцээр нь харвал, Монгол Улс 1991-1999 онуудад нийт 1.3 тэрбум ам.долларын эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулах зорилготой зээл авч байжээ.
Харин 2000-2009 онуудад дэд бүтэц бий болгох, дулааны цахилгаан станцыг шинэчлэх, авто зам болон төмөр зам барих, нийтийн аж ахуй болон агаарын тээврийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр нийт 1.5 тэрбум ам.долларын зээлийг авч ашигласан байна.
Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан бөгөөд тухайлбал Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Төв цэвэрлэх байгууламж барих төсөл”, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, “Яармагийн болон Замын цагдаагийн гүүр барих төслүүд”, “Гацуурт-Налайхын автозамын төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах, шинэчлэл хийсэн “Эрчим хүч-1,2 төсөл” зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.
Өнөөдрийн байдлаар 2014 оноос эхлэн гэрээ, хэлэлцээр нь байгуулагдсан, Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан нийт 19.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээл, тусламжийн 96 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 6.3 их наяд төгрөг буюу 31.6 хувийг өнгөрсөн хугацаанд ашигласан, үлдсэн 13.6 их наяд төгрөг буюу 68.4 хувь нь ашиглагдаагүй байна. УИХ-аас 2025 онд нийт 1.9 их наяд төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг 2025 оны төсвийн тухай хуулиар батласан. УИХ-аар баталсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх асуудал хамгийн тулгамдаж байгаа асуудал болоод байна гэлээ.
Нийт хэрэгжиж буй зөвхөн зээлийн төслүүдийг авч үзвэл 500.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 5 төсөл байгаа бөгөөд 2025 онд батлагдсан нийт гадаад зээлийн ашиглалтын 57 хувийг уг төслүүд дангаараа эзэлж байгаа аж.
2020 оноос хойших нөхцөл байдлыг харвал Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж буй нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдэлийн 12 орчим хувьд байгаа нь цаашид гадаад зээлийн ашиглалтын талаар бодлогын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна хэмээгээд дээрх бодлогын арга хэмжээг авахгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, төслүүдийн үр өгөөж, эдийн засгийн үр ашгийг хүртэх хугацаа хойшлох бодит эрсдэлтэй байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Иймд УИХ-ын 2024 оны 81, 54 дүгээр тогтоолуудын дагуу зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, зээлийн хөрөнгийг зөвхөн бодит эдийн засгийн салбарт чиглүүлэх, үр ашиггүй зөвлөх үйлчилгээ, урсгал зардлыг бууруулах, төслүүдийг эрэмблэх талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна хэмээгээд үүнд санхүүжилтийг шилжүүлэх, хэмнэлтийн зарчим буюу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжүүлэх, цахим шилжилт, бодлогын шинэчлэлийн талаар танилцуулав.
Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.