Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Галбадрах, Д.Энхтуяа нар өнөөдөр /2025.10.01/ “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа.


Тус уулзалтаар хөтөлбөрт оролцогчид Ахмад насны тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж болон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, бодлогын шийдлийн талаар санал солилцлоо. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал хэлэв.


Тухайлбал, төсвийн эрэмбэ тогтоон боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт бодлогын шинэчлэл хийх, нийгмийн хүлээлт үүсгэж буй багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг тухайн жилийн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Түүнчлэн төсвийн зорилгыг оновчтой тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжихэд бодитой, үр дүнд хүрэхүйц төсөл, хөтөлбөрийг дэмжиж, үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.


Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун экспертүүдээс дэвшүүлж буй санал, санаачлагыг нэгтгэн холбогдох Байнгын хороод болон ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтож, дараагийн уулзалт, сургалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа экспертүүдэд хандан Олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүлж, энэ цаг үед тэднээс суралцаж, хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, ахмадуудаас дэвшүүлж буй асуудалд санал нэг байгаа төдийгүй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, асрахуйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэв.


Улсын Их Хурлын гишүүдийн ажлын албанд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлалын чиглэлээр 30-аас дээш ажилласан туршлагатай 13 ахмад хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шийдвэр гаргах түвшинд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, харьцуулсан судалгаа хийх, бодлого боловсруулах, зөвлөх чиглэлээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл