Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.07) хуралдаан 09 цаг 55 минутад, гишүүдийн 56.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Найдалаа, Г.Лувсанжамц, С.Цэлмүүн, Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Г.Очирбат, Э.Одбаяр, Ц.Баатархүү, Р.Сэддорж нар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлэв.
Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тодруулсан юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан байна.
Улсын төсвийг төлөвлөхдөө хэрэгжих арга хэмжээнүүдийг хэрхэн эрэмбэлдэг талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Засгийн газрын 14 мега төсөл, дөрвөн жилийн хөтөлбөрт орсон 149 төслийг Тэргүүн шадар сайдын тушаалаар баталсан макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг 4 бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр 1-5 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлсэн” хэмээн хариуллаа.
Багш, эмч тэргүүтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийн талаар гишүүд байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээрх төрийн бодлогыг тодорхойлох шаардлагатай гэдэг саналуудыг хэлж байв. Мөн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, улмаар хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай төлөвлөн, тухай бүр үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын талаар санал, шүүмжлэл хэлж байсан. Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар тодруулсан гишүүдийн асуултад Н.Учрал сайд хариулт өгсөн. Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн төслийг Шинжлэх ухааны академийн их чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд гол саналуудыг тусгасан гэж сайд хэлээд, энэ төсөл дэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгоход онцгой анхаарч ажиллаж буйгаа дуулгав. Энэ хүрээнд багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хүний хөгжлийн талаарх тусгай бүлэг болгон тодорхойлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой тусгаж байгаа хэмээсэн. Энэ хүрээнд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ буюу гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг бодитой болгох боломж бүрдэнэ гэж тооцсон аж. Баримт бичгийн төлөвлөлт, боловсруулалт, шалгуур үзүүлэлт хангалтгүй байгаа талаар Г.Лувсанжамц гишүүн шүүмжилж, Хот байгуулалт, барилга,орон сууцжуулалтын яамнаас төсөл дэх арга хэмжээнүүдийн талаар тодруулж хариулт авсан.
Гадаад зээлээр санхүүжиж буй орон сууцын төслүүдэд анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг С.Цэнгүүн гишүүн хэлээд, ипотекийн зээлийн бодлого, хүртээмж, үр дүнгийн талаар, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх санаачилгын эрсдэлийг, нийслэл дэх цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлаас давсан бүтээн байгуулалт хийж, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн ачааллыг хэт нэмэгдүүлж байгаа эрсдэлийг санууллаа. Нөхцөл байдал хүчин чадлаас нь 50 хувь хэтэрчихсэн байгаа бөгөөд дулаан хангамжийн тархмал эх үүсвэрүүдийг нэмж барихаар төлөвлөн, ажиллаж байгаа гэдэг хариултыг Эрчим хүчний сайд өгсөн.
2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан иргэдээс, төрийн албан хаагчдаас цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна гэж шүүмжилж байхад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багц дахь байр ашиглалтын зардал гэх зэрэг хэд хэдэн зардал нэмэгдсэн байгааг Х.Булгантуяа гишүүн лавлав. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн өөрчлөлтийг дагаад шинжлэх ухааны салбар шилжиж ирсэн байна. Тодруулбал, 2000 орчим эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны ажилтнууд тус сайдын багцад харьяалагддаг болсон гэх тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Хуучин Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад харьяалагдаж байсан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл, бололцоог зохих түвшинд нь хадгалах, нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагын хүрээнд сайдын багцад шилжиж тусгагдсан байна. Урсгал зардлууд, үнийн өсөлттэй холбоотойгоор өсөж байгаа бол яг энэ хэмжээний ачаалал иргэдийн нуруун дээр ирж байгааг тооцох ёстой хэмээгээд цахилгаан, ус, дулаан хангамжийн урсгал зардлын нэмэгдэлтэй уялдуулан мөн хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж болох эсэхийг Х.Булгантуяа гишүүн тодруулсан. Мөн хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас 1.6 тэрбум төгрөгөөс 31-32 тэрбум төгрөг болж нэмэгдэж байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардал энэ хэмжээгээрээ бас буурах ёстой гэдэг тооцооллыг тэрбээр дурдсан юм. Улсын Их Хурлын 52, 54 дүгээр тогтоолын дагуу төсвийн зарлагатай холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан хэмээн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж тодотгоод холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн.
Бодлогын шийдвэрээ тодорхой гаргаж, хэрэгжүүлж, улмаар үр дүн, эдийн засаг дахь нөлөөллийг бодитоор тооцдог байх шаардлагыг Г.Очирбат гишүүн хэлсэн бол ирэх оны улсын төсвийг төлөвлөхдөө иргэдийн амьдрал, ахуйд хэрэг болох, тулгамдсан асуудлыг ээлж дараатайгаар шийдэх арга хэмжээг тусгасан байх ёстой гэдэг байр суурийг Э.Одбаяр гишүүн илэрхийлээд 2026 оны төсвийн төсөлд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, шийдэл тусгагдаагүй байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Засгийн газар 2026 оныг “Боловсролын жил” хэмээн зарласан ч төсвийн төсөл нь хэрэглээний, барилга байгууламжийн, авто замын төсөв болсон хэмээн Ц.Баатархүү гишүүн байр сууриа илэрхийллээ. Боловсролын яам ирэх жилд хамгийн олон барилгыг барих юм байна хэмээгээд ачааллын шинжилгээг хэрхэн хийснийг тодрууллаа. Сангийн яамны Хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Ж.Дэлгэржаргал хариулахдаа “Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжих дүн 3.2 их наяд төгрөг. Үүний 1 их наяд төгрөг нь шинэ хөрөнгө оруулалт юм. Шинэ хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэргүүнд тавьсан. Боловсролын салбараас 2026 оны төсвийн төсөлд 2.1 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтын санал ирүүлсэн. Үүнээс холбогдох шаардлагыг хангасан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн хэрэгжих боломжтой төслүүдийг төсвийн төсөлд тусгасан” гэв. Сургууль, цэцэрлэгийн хэрэгцээг тодорхойлохдоо их өгөгдөлд суурилан шинжилсэн хэмээгээд шаардлагатай байршлуудыг Боловсролын яамтай хамтран тодорхойлсон гэв. Үүний дүнд ойрын 3 жилд сургууль байгуулах шаардлагатай 108 байршлыг тодорхойлсон бөгөөд 84 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт шаардлагатай байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгоод, ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдийг хамруулах шаардлагатай гэдэг үндэслэл хэлээд энэ асуудлыг ирэх оны төсөвт тусгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа. Нийт 822 мянган хүүхдээс 1-5 дугаар ангийн 349.4 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар 141.3 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан хэмээн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулсан. Үүн дээр дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал туссан гэдгийг тэрбээр хэллээ. 6-12 дугаар ангийн 448.4 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах бол нийтдээ 196.2 тэрбум төгрөг шаардагдана гэдэг тооцооллыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан. Хүүхдүүдийг сайн чанарын хоол, хүнсээр хангах асуудалд улс энэ хэмжээний төлөвлөлт хийх ёстой гэдэг байр суурийг Р.Сэддорж гишүүн илэрхийлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай хоблогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Найдалаа, О.Батнайрамдал, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нар үг хэлснээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийлээ. Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.