Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.10.08/ хамтран хуралдаж, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтуудын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нэгт, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор 130.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь үе шат”;

Хоёрт, техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тогтолцоог орчин үеийн технологид суурилан бэхжүүлэх “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх” төсөл;

Гуравт, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 225.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл;

Дөрөвт, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын  гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх  зорилгоор 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг санхүүжүүлэхээр тус тус төлөвлөөд байна хэмээн танилцуулав.

Азийн хөгжлийн банктай байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээл нь тогтмол 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Энгийн эх үүсвэрийн зээл нь 4.8 хувийн хөвөгч хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд 0.15 хувийн хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэлтэй аж.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгох зээлийн эх үүсвэрийг баталгаажуулж, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Очирбат танилцуулав.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн боловсон хүчнийг бэлтгэж байсан ХААИС энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээ больчихоод байгааг тодотгоод, зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн чиглэлээр жишиг сургууль байгуулахын оронд сургуулийнхаа нөөц бололцоог ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Боловсролын сайд П.Наранбаяр, Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн 16 сая ам.долларыг политехник коллежийг барихад, хөдөө аж ахуйн ажиллах хүчнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулахад 0.6 сая ам.доллар, хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтийн дүн шинжилгээ хийхэд 0.5 сая ам.доллар, магадалшгүй ажлын зардалд 2.3 сая доллар зарцуулахаар тооцоолсон байгаа. Төвийн бүсэд политехникийн коллеж байгуулах зорилго нь хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, ухаалаг технологи, инновацыг нэвтрүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишиг сургалтын тогтолцоог хөгжүүлэх юм. Ингэснээр ХАА-н шинэ техник, технологийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн уялдааг хангаж, холбогдох талуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилсан салбар дундын зохицуулалтыг бий болгохоор зорьж байна. Хөдөө аж ахуйн их сургууль газар тариалангийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь эрс буурсан. Сүүлийн үед хөдөө аж ахуйн салбар маш их техникжиж, шинэ ололтуудыг нэвтрүүлж байна. Үүнийг богино хугацаанд эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа учраас зээлийн санхүүжилтийн хөтөлбөрт багтаасан хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Азийн хөгжлийн банкны 475 сая долларын зээлийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хийгдсэний дараа төсөл хэрэгжүүлэх газар, байршлаа нарийсган өөрчлөх боломж гарах эсэхийг тодруулаад, төсөл хэрэгжсэнээр бий болох үр дүнг хэрхэн тооцсон талаар асуусан.

Боловсролын сайд П.Наранбаяр, Санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 41 байршилд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Бид газар зүйн мэдээллийн системд үндэслэн, хүн амын нягтшил, хэрэгцээг судалж үзээд байршлыг тогтоогоод байна. Гэхдээ ерөнхий хэлэлцээрийг Азийн хөгжлийн банктай байгуулсны дараа байршил болгон дээр хэлэлцээр хийнэ. Тэр үед зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах боломж бий.

Политехник коллеж, түүнийг дагасан ур чадварын сургалтуудтай холбоотой тооцоолол хийж үзсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2035 он гэхэд 28-30 мянган чадварлаг ажилтан бэлтгэх боломжтой гэж харж байгаа. Ингэснээр жил бүр 500-535 сая ам.долларын ДНБ-ий өсөлт, 43-46 сая ам.долларын бүтээмжийн өсөлт бий болох боломжтой гэж үзсэн. Төслийн хүрээнд жижиг бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих сургалтаас гадна, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, малчид, бизнес эрхлэгчид, хоршооны гишүүдийн сургалтуудыг зохион байгуулна. Нийтдээ 39 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Нийт 17 байршилд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээшлүүлэх, эмчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасны долоо нь орон нутагт эмнэлэг байгуулахаар тусгасныг дурдаад, энэ нь бүсийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ хэмээн асуусан. Мөн хавдрын эрт илрүүлэг, эрчимт эмчилгээний чанарыг сайжруулна гэсэн хөтөлбөрт орон нутгийн эмнэлгүүд хамрагдах эсэхийг лавлав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хөтөлбөрт нийт 17 аймгийн нэр орсон ч 21 аймагт хэрэгжүүлнэ. Дархан-Уул аймагт Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр эмнэлэг баригдаж байна. Мөн Увс, Ховд аймагт эмнэлгийн өргөтгөл хийгдсэн. Энэ мэтчилэн хөтөлбөр 21 аймагт хэрэгжинэ. Ганц барилга барих бус тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашинаар хангах зэргээр түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөсөн гэсэн хариултыг өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл