Цэс

Холбоо барих

Цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхлэгч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах тухай/ хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.


Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг Ажлын хэсэг өнөөдөр (2025.10.08) анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Иргэдийн эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлд энэхүү хуулийг төслийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар идэвхийлэн ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл