Цэс

Холбоо барих

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.09.26)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэж батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны зохицуулах үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг ижил түвшинд үнэлж, зохих ёсоор дүгнэх шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ, Монголбанкны өөрийн өр болон бүтцийн өөрчлөлтийн талаар асууж, хариулт авав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс орнуудын бүхий л төв банкууд бие даасан үйл ажиллагаа явуулдгийг онцолж, санхүүгийн салбарын нийт активын 80-90 хувийг банкны актив эзэлж байгаагаас бус СЗХ-ноос илүү гэсэн ойлголт байхгүй гэсэн юм. Мөн гадаад валютын нөөц одоогийн байдлаар 5.870 сая ам.доллар байгааг мэдээлж, банк, санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт валютын хэмжээ 2.0 тэрбум ам.доллар болохыг дурдав. Харин төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр юм. Тус банкинд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 70 орчим орон тоог хэмнэгдэж байгааг тэрбээр танилцуулж, цаашид 600 хүнтэй ажиллана гэдгийг онцоллоо.

Ирэх онд стейблкойн, актив удирдлагын компани, бизнесийн тодорхой салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг олон шинэлэг арга хэмжээг мөнгөний бодлогод туссан байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд сайшааж, эдгээрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, санхүүгийн тайлангийн бүртгэлийн олон улсын есдүгээр стандартыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал нэмэгдэх, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон 2025 оны эхний хагаст хийсэн 1.8 тэрбум ам.долларын интервенц, түүний төгрөгийн ханшид нөлөөлсөн нөлөөллийн талаар асууж хариулт авсан юм. Ирэх онд улсын төсөвт томоохон тэлэлт гарахгүй учир банкны салбарт бизнесийн зээлийг түлхүү гаргахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч мэдээлж, энэ оны эхний таван сард тус банк 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг танилцуулав. Оны эцэст энэ ашиг өсөх хүлээлттэй байгааг тэрбээр дурдав. Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанк 2013 оноос 2019 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөг гаргасан бөгөөд КОВИД19 цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй буюу өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжүүлж буй юм. Цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулж, тус банкнаас харилцааны банкуудад санхүүжилт олгож ажиллах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Төгрөгийн ханш өнгөрсөн оныхоос 5.0 хувиар суларсан байдалтай байгааг тэрбээр танилцуулж, оны эхний хагаст интервенц хийгээгүй бол бүр унах байсан гэдгийг хэлэв.

Улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн онцлов. Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөнгөний болон төсвийн бодлогын харилцан уялдаа, эдийн засгийн өсөлтийг хадгалахад үзүүлэх нөлөө, хүүгийн бодлого, хөдөө аж ахуйн салбарын зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон зээлийг дэмжих талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хөдөө аж ахуйн салбарт гарсан ахиц, дэвшлийг хадгалахад мөнгөний бодлогыг чиглүүлэх, цаашид идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.

Өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн өсөлт 23.0 хувьтай байсан бол одоогийн байдлаар 26.0 хувьд хүрээд байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулаад, ирэх онд өсөлт бага зэрэг саарч 15-16 хувьтай байхаар тооцсоныг хэллээ. Хүүгийн хатуу бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалт зэргээс шалтгаалан нийт зээлийн хэмжээ буурах боловч бизнесийн зээл өснө гэдгийг тэрбээр дурдсан юм. Мөн ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй олдоцтой боловч зээлдэгчдийн шаардлага хангагдахгүй байгааг тэрбээр тайлбарлаж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжилт болон мөнгөний бодлогоор дэмжих нь үр дүнтэй байгааг онцолсон юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Э.Батшугар, Л.Соронзонболд, Ж.Энхбаяр, Г.Очирбат нар үг хэллээ. Инфляцын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг зөв тооцох, арга аргачлалаа нэгтгэх, мэргэжлийн байж, амьдралд ойр бодлого, шийдвэр гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зөвлөсөн бол Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар сануулав. Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн бодлогыг ипотекийн зээлийнхтэй адил тусгайлан боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгож гаргах, хугацааг хязгаарлалгүй, иргэд өөрийн хэрэгцээнд тохируулах боломжтойгоор тогтоох нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд иргэдийн өрийн дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулахад анхаарах шаардлага байгааг онцолж, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад ямар нөлөө үүсэх талаар иргэд, олон нийтэд зөв тайлбар, танилцуулга хийх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ирэх жилийн мөнгөний бодлогын зорилт өөдрөг байгаад талархалтай байна гээд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд инфляцад гол нөлөө үзүүлдгийг дурдаж, тус салбарын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах нь ихээхэн чухал гэдгийг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат улс төрийн оноо авах гэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт гаргадаг явдлаа Монголбанк зогсоох хэрэгтэй гээд, монголчууд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тэдэн хувиар чангарлаа гэсэн мэдээлэл сонсохыг, тийм ирээдүйг хүсэж байна гэсэн юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг бодитойгоор дэмжиж ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдээс ямар үр дүн гарсныг дүгнэх, “Цагаан алт” зэргээс юу хүлээж байгаагаа тооцох, бодитой шалгуур үзүүлэлт, тоо хэмжээ гаргаж тавих цаг болсныг санууллаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргааш (2025.10.10)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл