“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Энхнасан, М.Ганхүлэг нараас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг, 2 дугаар хавсралтаар тус зөвлөлийн ажиллах журмыг тус тус баталсан байна. Харин “Эдийн засгийн хөгжлийн төв”-ийн дүрмийг 3 дугаар хавсралтаар баталсан бөгөөд тус төвийн орон тооны хязгаарыг 45 байхаар тогтоожээ.
Иймээс Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой асуудлыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулах юм. Харин “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн зорилго нь “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын эрх хэмжээ, төвийн үйл ажиллагааны болон санхүү, хөрөнгийн хяналтыг хэрэгжүүлэх журам, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.