Цэс

Холбоо барих

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжив


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын Их Хурлын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тохиолдолд асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандахгүйгээр Улсын Их Хурал шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлаад санал хүргүүлж буй шалтгааныг лавлав. Улсын Их Хурал Үндсэн хуулийн агуулгыг тайлбарлахгүй учраас мэргэжлийн түвшинд асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдэг хариултыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өгөв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр судлах шаардлагатай хэмээх үндэслэлээр хойшлуулсан хэдий С.Ганбаатар гишүүний зүгээс саналаа хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж буйг тайлбарласан.  


Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын талаар Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцээд, холбогдох санал хураалтыг явууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний олонх буюу 53.8 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн. Ийнхүү энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах үеэр Засгийн газар болон Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг аж. Энэ дагуу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх байгууллагуудаас ажлын хэсэгт орох төлөөллийн нэрсийг Байнгын хороонд ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулсан.


Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Номинчимэг, П.Сайнзориг нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Гишүүд, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах журмыг дахин нягталж, холбогдох хуулиас давсан зарим зохицуулалтыг өөрчилж, оновчтой болгох шаардлагатай гэдэг санал хэлж байв.

Ийн гишүүд асуулт, асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурал дахь дахь цөөнхийн бүлгээс санал болгосон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Х.Номингэрэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.8 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбатыг дэмжих эсэхээр санал хураав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 7 нь дэмжээгүй тул холбогдох байгууллагад буцааж, хоёр хоногийн дотор саналаа шинэчилж ирүүлэхийг Д.Цогтбаатар дарга хэллээ.  


Иймд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтож, энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл